Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Анхбаяр: Турк Улсын агаарын гарц Монголыг бусад тивтэй холбодог

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаяртай Монгол, Туркийн харилцааны талаар ярилцлаа. Тэрбээр Турк болон Иран улсад боловсрол эзэмшсэн бөгөөд Монголын эзэнт гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улсын түүхээр судалгаа хийдэг юм.

-Та судлаач хүний хувьд Монгол, Турк хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Монгол, Турк хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд очиж байна. Улс төрийн харилцааны хувьд хоёр талын харилцаанд ямар нэгэн зөрчилдсөн зүйл байхгүй. Хоёр талын хамтын харилцаанаас гадна НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын түвшинд идэвхтэй харилцаж байгаа. Эдийн засгийн хувьд худалдаа, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар өндөр хөгжиж байна.

Тухайлбал, 2014 оноос Турк улсын “Эксим” банкнаас манай улсад 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор харилцан тохиролцсон. Энэ зээлийг хөдөө аж ахуй, барилгын салбарыг хөгжүүлэхэд түлхүү зарцуулах юм. Яармагийн цэвэрлэх байгууламжийг Туркийн HNC компани барьсан. Мөн орон нутагт цэвэрлэх байгууламж барих ажилд өрсөлдөөд явж байна. Туркийн барилгын цутгуурын технологийг оруулж ирэхээр судалж байгаа.

Сантехникийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирж байна. Хувцасны үйлдвэрлэлээр дэлхийн томоохон нийлүүлэгчдийн нэг болох Туркийн “Lc Waikiki”, “De facto” брэндүүд Монголд орж ирээд байна. Хүнсний хувьд “Үлкэр”, “Ити” брэнд албан ёсоор орж ирсэн бөгөөд хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. 2013 оны байдлаар импорт 40 гаруй сая ам. доллар болж байсан.

“Веко” брэнд, цэргийн гутал хийдэг EDC брэнд, бүрэн шаталтат зуух, гэр ахуйн тавилга, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг манайд нийлүүлж байна. 2014 оны байдлаар найман сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай Туркийн 63 компани манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар 300 гаруй сая ам. долларын хөнгөлөлттэй зээл шийдэгдээд байна.

“Түркиш Эйрлайнз” компани 2012 оны долоодугаар сарын 3-ны өдрөөс Истанбул, Улаанбаатарын хооронд шууд нислэг нээсэн. Долоо хоногт гурван удаагийн нислэгээр 500 хүн зорчиж байна. Турктэй агаарын гарцаар шууд холбогдсон нь манай улсыг бусад тивтэй холбох гүүр болдог.

-Туркийн улс төрийн тогтолцооны тухайд?

-Төрийн байгууллын хувьд саяхныг хүртэл Монгол, Турк ойролцоо байсан. 2017 оныг хүртэл парламентын засаглалтай байсан. Одоо БНТУ ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу ерөнхий сайдын үүрэг давхар гүйцэтгэнэ. Парламентаа толгойлдог. Хууль тогтоох эрх мэдэл нь Үндэсний их хурал буюу Үндэсний парламентад хадгалагдаж байдаг.

Харин шүүх засаглал нь Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагаар дамжиж хэрэгждэг. Туркийн парламент нь 600 гишүүнтэй. Парламентын засаглалтай байхдаа 26 яамтай байсан бол одоо 16 яамтай болсон. Салбар хариуцсан зөвлөлүүд гэж байдаг. Тус зөвлөлүүд нь ерөнхийлөгч, яам хоёрыг холбож, чиглэл өгөх, бодлого боловсруулахад тусалж ажилладаг.

-Манай Улс БНТУ-ыг гуравдах хөршөөрөө сонгож, хоёр орны хоорондын харилцаанд ач холбогдол өгдөг шүү дээ. Гурав дахь хөршөөрөө сонгосон шалтгаан юу вэ?

-Манай улс Туркийг гуравдагч хөршөөр тодорхойлсон гол шалтгаан бол эртний түүхэн хэлхээ холбоо юм. Ижил төстэй хэл, соёлтой. Турк улс нь эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 16-д ордог. 2023 он гэхэд эхний 10-т орохыг зорьж байгаа орон.

Эдийн засаг болон бусад салбарт хамтарч ажиллах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Манай улсын ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явцыг эхнээс нь дэмжсэн. Улс төр, эдийн засаг, техникийн туслалцааг идэвхтэй хүргэгч улсуудын нэг. Туркээр дамжин Европ, Америк, Африк хүрэх агаарын замын гурав дахь гарцыг нээж ашиглаж эхэлсэн. Турк нь OECD, НАТО-гийн гишүүн орны хувьд манай үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой юм.

-Монгол, Туркийн иргэд хоорондын харилцааны тухайд тодруулж ярихгүй юу. Туркууд монгол хүмүүст аль хэр элэгсэг дотно ханддаг вэ?

-Албан бус тоогоор Туркэд сурч, амьдарч, ажиллаж байгаа таван мянга гаруй хүн бий гэдэг. Мянга орчим нь оюутан. Туркийг гуравдагч хөршөөр тодруулсан зорилтын дагуу гадаад харилцаа явагдаж байна. 1992 оноос дипломат албан паспорттай иргэд хоёр талд визгүй зорчиж эхэлсэн. Туркийн Засгийн газрын шийдвэрээр 2007 оноос Монгол Улсын иргэд Туркэд жилд хоёр удаа 30 хоногоор визгүй зорчих боломжтой болсон.

Харин манайх РУУ Туркийн иргэд 2014 оноос 30 хоног визгүй зорчих эрхтэй болсон. Ингэж визгүй болсноор аялах, сурах бололцоо илүү нэмэгдсэн. 2012 оны байдлаар Монголын 6,500 орчим иргэн Турк улсад зорчсон судалгаа бий. Сүүлийн жилүүдэд энэ тоо 3-4 дахин нэмэгдсэн.

Туркээс манай улс руу зорчих нь мөн нэмэгдсэн. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2014 оноос Истанбулд Ерөнхий консулын газрыг байгуулсан. Үүнээс гадна манай иргэд олноор суурьшдаг Измир, Самсун, Кайсэри, Бурса зэрэг хотод Өргөмжит консулын газар байгаа. Туркийн ард иргэд Монголчуудыг ахан дүүс гэж үздэг. Иймээс тэнд ажиллаж амьдрахад иргэд хоорондын харилцаанд сөрөг зүйл гардаггүй. Харин ч найрамдалт, түүхэн, ах дүүс гэдэг утгаар зарим тохиолдолд давуу байдал үүсдэг.

-Албан ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол цөөнгүй дуулддаг. Мөн тэнд очиж ажиллаж байгаа зарим хүн гэмт хэрэгт холбогдох нь бий. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг вэ?

-Туркийн хуулиар 30 хоногоос дээш оршин суух гэж байгаа бол оршин суух зөвшөөрөл авах ёстой. Туркэд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн ихэнх нь оршин суух зөвшөөрөл аваагүй байдаг. Ажиллах эрхгүй учраас мэргэжлийнхээ дагуу хөдөлмөрлөх боломжгүй. Ажиллаж буй хүмүүсийн ихэнх нь оёдлын үйлдвэр, үйлчилгээний салбарт, гэрийн үйлчлэгч, туслах ажилчин хийж байна.

Мөн Сир, Афганистан, Туркменистан, Узбекстан зэрэг орны иргэд хууль бусаар ажиллаж, орогнодог болоод байгаа. Иймээс эрх ашиг зөрчигдөх зүйл гардаг. Наад зах нь ажлын байранд аваар осол гарахад эрх ашгаа хамгаалуулж чаддаггүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Монгол иргэдийн ихэнх нь Истанбул хотын Шишли дүүрэгт амьдардаг. Нэг дор төвлөрөн амьдарч байгаагийн ачаар хоол, ахуйн үйлчилгээ, эмчилгээ зэргийг монголчууд өөрсдөө эрхэлж байна.

Монгол иргэдээс Туркийн хуулийг зөрчсөн асуудал цөөнгүй гардаг. Турк ажил олгогч цалин хөлс олгохгүй байх, ажлын байрны дарамт учруулах зэрэг асуудал цөөнгүй гардаг. Оршин суух зөвшөөрөлгүй иргэд гомдол гаргаж чаддаггүй. Гомдол гаргавал Гадаадын иргэн харьяатын албанд баригдаж нутаг буцаагддаг. Гадаадын иргэн харьяатын газар өмнө нь цагдаагийн харьяанд байсан.

2015 оноос хойш Дотоод хэргийн яамны харьяа бие даасан иргэний байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хууль журам нь илүү уян хатан болсон. Олон жил оршин суух зөвшөөрөлгүй амьдарсан хүмүүс зөвшөөрөл авах боломж хуулийн дагуу нээгдэж байгаа. Оршин суух зөвшөөрөл авсан нөхцөлд Туркийн холбогдох хууль журмын дагуу эрх ашгаа хамгаалуулах боломжтой.

Хэрэг зөрчил ч багасна гэсэн үг. 2016 оноос Монгол, Турк хоёр талын Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хоёр талаас нийгмийн даатгал төлөхийг зөвшөөрч, ашиглаж болох зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа.

-Туркэд Монгол судлал сүүлийн жилүүдэд сэргэж байгаа гэсэн. Тэд манай юуг илүү судалдаг вэ?

-БНТУ байгуулагдсанаас эхлээд турк үндэстэн эртний Түрэгийн хаант улстай холбоотой гэсэн албан ёсны үзэл тогтсон. Түрэг аймаг Хүннүгийн харьяанд байсан гэдэг утгаараа өөрсдийн төрт ёсны уламжлалаа Хүннүгээс эхлүүлж тоолдог. Иймээс Монгол нутаг дахь Түрэгийн эртний бичээс, хөшөө дурсгал, түүхийг судлах сонирхол XX зуунаас л байсан. Энэхүү сонирхлын хүрээнд 1949 онд Монголын нууц товчоог турк хэлээр орчуулсан.

1970-аад онд “Хураангуй Алтан товч”-ийг турк хэлээр орчуулсан байдаг. 1990 онд Монгол Улсад ардчилал ялж, нээлттэй болсноор хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж үздэг. Энэ үеэс Монгол нутаг дахь Түрэгийн хөшөө дурсгалыг судлах эрдэм шинжилгээний экспедиц олноор ирсэн. Тухайлбал, Культегин, Билгэ хааны хөшөөг судлах Монгол Туркийн хамтарсан экспедицүүд 1995-2012 оны хооронд ажилласан.

2014 онд Туркийн Хажеттепе их сургуульд анхны Монгол судлалын төвийг байгуулсан. Монгол хэл соёлыг судлах тэнхимийг доктор Бүлэнт Гүл байгуулсан. Тус төв нь Монгол судлалтай холбоотой бүтээлүүд, олон улсын хурал, арга хэмжээг зохион байгуулж, магистр, докторын сургалт явуулж байна. Мөн энэ жил Истанбулын их сургуулийн Утга зохиолын факультетад Монгол судлалын төвийг байгуулж байна. Ингээд одоогийн байдлаар хоёр төв байгуулагдсан.

Туркийн Катвчилэби их сургууль Монгол Улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Оюутан солилцооны хөтөлбөртэй. Энэ хүрээнд хоёр жил дараалж Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан.

-Монголд Түрэг судлал ямар түвшинд хөгжиж байгаа вэ?

-2002 онд МУИС-д Түрэг судлалын тэнхим байгуулагдсан. Энэ үеэс өнөөг хүртэл жил бүр оюутнууд төгсөж байна. Өнгөрсөн оноос МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулагдаад, үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол дахь Түрэг судлал, Турк дэх Монгол судлал харьцангуй хурдацтай хөгжиж байна гэж үзэж болно.

-Турк дэх Монгол судлал бусад судлалаасаа юугаараа давуу талтай вэ?

-Түрэг судлалын салбарт заавал мэргэших ёстой салбар нь Монгол судлал гэж үздэг. Ялангуяа эрт ба дунд үеийн Алтай хэл шинжлэлийн онолын үүднээс авч үзвэл, Түрэг хэл шинжлэл, соёл судлалд Монгол хэлний элементүүд маш их бий. Тэр утгаараа Монгол судлалгүйгээр, монгол хэл суралгүйгээр Түрэг судлаач болно гэдэг боломжгүй. Энэ үзлийг Туркийн түрэг судлаачид өөрсдөдөө тавьдаг. Эдгээр сонирхлын үндсэн дээр Монгол судлал Турк улсад хөгжиж байгаа.

-Монголын түүхийн судалгаанд перс хэлийг чухалчилдаг. Яагаад тэр вэ?

-Монголын эзэнт гүрний түүхийг судлах гол сурвалжуудын нэг нь перс хэлний сурвалжууд юм. Судрын чуулган, Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх зэрэг сурвалжууд нь Монголын эзэнт гүрний түүхийг судлахад Монголын Нууц товчооны дараа орох чухал сурвалж юм. 1256-1335 оны хооронд оршин тогтнож байсан Ил хаант улсад түүх бичлэг маш өндөр түвшинд хөгжсөн.

Одоогийн байдлаар Монголын эзэнт гүрний түүхийг перс хэлээр бичсэн 200 гаруй сурвалж хэвлэгдээд байгаа. Энэ сурвалжуудыг судлахгүйгээр Монголын эзэнт гүрний түүх, Цагаадай улсын түүх, Ил хант улсын түүх, Алтан ордны улсын түүхийг судлах боломжгүй. Перс хэл бол индо-евро хэл учраас Алтай язгуурын хэлтэй бидэнд сурахад зохих хэмжээний бэрхшээл гардаг. Эхлээд араб үсгээр уншиж сурна. Дараа нь дүрмийг судална. Гэхдээ нугармал хэл боловч залгамал хэлний зарим элементийг агуулдаг учраас бас дөхөмтэй.

-Таны судалгааны ажлын үндсэн чиглэл юу вэ. Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Монголын эзэнт гүрэн Ил хан улс, Цагаадайн улсын түүхийн чиглэлээр судалгаа хийж байна. МУИС-ийн Түүхийн тэнхимээс Монголын эзэнт гүрний түүхийг таван ботиор бичиж байгаа. Үүний Ил хаад, Цагаадайн улсын ботийг бичилцэж байна. Түүнчлэн Монголын түүхэнд холбогдох Перс сурвалжийн орчуулга гэсэн давхар ажил хийгээд л явж байна.

Зураг