Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

30 орчим жилийн маргаанаа дуусгасан удирдагчид түүхэн сэлфи хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

1991 онд хуучин Югославаас туурга тусгаарласан Македон улс саяхан нэрээ “Умард Македоны БНУ” болгож өөрчлөөд байгаа билээ. Бараг 30 орчим жил Грек, Македон улсуудын хооронд үргэлжилсэн нэрний маргаан өнгөрсөн нэгдүгээр сард эцэслэн шийдэгдсэн юм. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас өчигдөр анх удаа умард хөршдөө айлчилжээ.

Нэрний маргаанаас үүдэлтэйгээр Грекийн удирдагчид Македонд байгуулагдсан цагаас нь хойш огт айлчилж байгаагүй юм.

Грекийн түүх соёлтой салшгүй холбоотой Македон нэртэй улс оршин байх нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн Афиний эрх баригчид бараг 30 орчим жил нэрээ солихыг Македон улсаас шаардаж байв. Бас Македонтой хил залгаа Грекийн газар нутагт ийм нэртэй муж байдаг юм.

Грекийн ерөнхий сайдыг засгийн газрын ордныхоо гадна угтаж авсан Умард Македоны ерөнхий сайд Зоран Заев хүндэт зочинтойгоо хамт сэлфи хийсэн нь түүхэнд орох баримт болсон байна.

Македон улс нэрээ сольсны хариуд одоо Грек улс амлалтаа биелүүлж, Европын Холбоо, NATO-д элсэхэд нь тавьсан хоригоо цуцлах ёстой.

Ингэснээр Умард Македон улс хөгжлийн замдаа орох юм. Ципрас анхны айлчлалаараа Грекийн засгийн газрын 10 сайд, 20 гаруй бизнесийн төлөөлөгчийг дагуулж ирээд байна.

Энэ айлчлалын үеэр Грек улс Умард Македонд 500 сая еврогийн хөрөнгө оруулалтыг хийх гэрээ хэлцлүүдийг байгуулна гэж Заев мэдэгджээ.

 

Эх сурвалж: Time