Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос зэвсэг худалдаж авахаар болсон Турк улсад АНУ нисэх онгоцоо нийлүүлэхээс татгалзав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын засгийн газар Турк улсад F-35 сөнөөгч онгоцнууд нийлүүлэх хөтөлбөрөө түр зогсоосныг зарлажээ.

Ингэх болсон шалтгаан нь Туркийн тал Вашингтоны анхааруулгыг үл хайхран ОХУ-аас С-400 агаараас хамгаалах систем худалдаж авах гэж байгаатай холбоотой гэнэ.

“Хэрвээ Турк улс С-400 системийг худалдаж авбал F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх хөтөлбөр бүхэлдээ эрсдэлд орох болно” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Чарльз Саммерс мэдэгджээ.

Хэрвээ Турк улс F-35 нисэх онгоцыг С-400 агаараас хамгаалах зэвсэгтэй зэрэгцүүлэн эзэмшвэл Америкийн орчин үеийн сөнөөгч онгоцыг устгах Оросын зэвсгийн чадвар нэмэгдэнэ гэж Вашингтон болгоомжилж байгаа юм.

Турк улс АНУ-аас 100 ширхэг F-35A сөнөөгч онгоц худалдан авахаар төлөвлөөд нисгэгчдээ сургаж эхлээд байгаа. Энэ наймааны үнийн дүн $12 тэрбум болохоор байгааг уг онгоцны үйлдвэрлэгч Lockheed Martin компани мэдээлжээ.

NATO-гийн гишүүн орнууд Оросын зэвсгийг худалдан авах явдал маш ховорт тооцогддог. Гэтэл Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сүүлийн жилүүдэд өрнөдийн холбоотнуудаа шүүмжлэх нь нэмэгдэж, Оростой ойртох болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад айлчлах үеэр С-400 системийг нийлүүлэх ажил үргэлжлэхийг талууд баталсан юм.

Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн АНУ-ын дөрвөн сенатор хэрвээ Турк улс ОХУ-аас С-400 системийг худалдан авбал F-35 нисэх онгоцыг нийлүүлэхээ бүрмөсөн зогсоох хуулийг санаачилжээ.

2015 онд Туркэд гарсан төрийн эргэлтийн дараа Турк-Америкийн харилцаа муудаж эхэлсэн юм. Төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетуллах Гюленийг шилжүүлж өгөхийг Анкарагийн эрх баригчид Вашингтоноос шаардсан боловч татгалзсан хариу өгсөн нь түншүүдийн хагарлыг эхлүүлж байв.

 

Эх сурвалж: AFP