Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Алагдсан сэтгүүлчийн хүүхдүүд Саудын Арабын засгийн газраас их хэмжээний мөнгөн тэтгэмж хүртжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул хотод бусдын гарт амиа алдсан гэгдэж байгаа сэтгүүлч Жамал Хашоггийн үр хүүхдүүдэд Саудын Арабын засгийн газар их хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон тухай олон эх сурвалжууд мэдээлж байна.

Хашогги агсны хоёр хүү, хоёр охинд Саудын засгийн газар тус бүр $4 саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгө олгож, сард доод тал нь $10,000-тай тэнцэх мөнгөн тэтгэмж төлөхөөр болсныг тус улсын засгийн газрын эх сурвалжууд баталжээ.

Энэ нь тэдний зүгээс гомдол гаргахгүй байлгах зорилготой арга хэмжээ гэж зарим хүмүүс үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь энэ бол Саудын засгийн газраас онцгой тохиолдолд хэлмэгдэж хохирогсдын ар гэрт үзүүлдэг нөхөн олговор гэж тайлбарласан байна.

Саудын эрх баригчдын бодлогыг хурцаар шүүмжилдэг байсан сэтгүүлч Хашогги аравдугаар сард Истанбул дахь консулын газартаа очоод сураггүй болсон юм. АНУ-ын тагнуулынхан түүнийг Саудын Арабаас илгээсэн алуурчдын гарт амиа алдсан байх өндөр магадлалтай гэж дүгнээд байгаа.

Харин Саудын холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм дүгнэлт хийхээс зайлсхийсээр байгаа юм.

Хашоггийн хүүхдүүдэд өгсөн үл хөдлөх хөрөнгө Жиддах хотод байрладаг бөгөөд одоогоор Хашоггийн хүү Салах тэнд амьдарч байгааг банкны эх сурвалж баталжээ.

Дөрвөн хүүхдээс нь ганцхан Салах эх орондоо амьдрахыг илүүд үзэж байгаа бол бусад нь АНУ-д амьдарч байгаа тул засгийн газраас өгсөн орон сууцаа зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Саудын Арабын засгийн газартай нөхөн төлбөрийн асуудлаар гол хэлэлцээрийг хийсэн Салах энэ талаар хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хэдийгээр сэтгүүлчийн үр хүүхдүүдийн “амыг таглах” арга хэмжээг авсан ч олон улсын хүний эрхийн байгууллагууд Саудын эрх баригчдаас, тэр дотроо угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманаас сэтгүүлчийн хувь заяа хэрхсэн талаар тайлбар шаардсаар байгаа юм.

 

Эх сурвалж: The Washington Post