Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрхэмбаатар: Шүүхээс гэм буруутайг тогтоодог ажлыг гурван улстөрч өмнүүр нь орж хийх гээд байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулганы төгсгөлд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. 

Ийнхүү дээрх хуулиудад нэмэлт оруулснаар шүүгчид болон прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөс хугацаанаас өмнө чөлөөлдөг болох хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн юм.

Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.     

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан хуульч, судлаачид Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгаа гэсэн. Энэ асуудлаар ярилцлагаа эхлэх үү? 

-Монгол Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хамт өргөн баригдсан Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа. 

Энэ өөрчлөлт нь гэнэтийн юм болсон. Нэн яаралтай горимоор гэж хэлэлцүүлээд хоёр хоногийн дотор шийдчихлээ. 

Яагаад энэ нэмэлт, өөрчлөлтийг энэ цаг үед тийм үндэслэлээр гэнэт гаргаж ирэх болов гэдэг дээр бид илүү анхаарал тавьж судалсан. 

Мөн энэ өөрчлөлт ямар үр дагавар авчрах вэ, юунд хүрэх вэ гэдгийг хуульчийн хувиар судалж, дүгнэж үзлээ. Тэгээд эсэргүүцсэн юм. 

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн эрх мэдлийн гурван салаа мөчир байх ёстой гэж хуульчилсан. Энэ гурвыг тэнцвэртэй, харилцан бие биенээ хянадаг уялдаатай систем байлгахыг зорьсон.  

30 жилийн турш бид энэ системээр ажиллах гээд үзлээ. Алдаа оноо байсан байх. Гэхдээ энэ системийг харьцангуй сайн хуульчилсан гэж үздэг. Алдаа оноо хэзээ гарсан бэ гэхээр энэ хуулийг хэрэглэж байгаа улстөрчдийн ёс зүй, ур чадвараас хамаарч гарч ирсэн. Хуулиндаа биш хүндээ байсан гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн маргаануудаас илэрхий харагддаг. 

Зориуд санаатай энэ тэнцвэрийг алдагдуулдаг, эрх мэдлийг төвлөрүүлдэг, Үндсэн хуулиас салаалсан хуулиудаараа дахин өөр системийг угсарсан эрх зүйн тогтолцоог бий болгосон. 

Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчид огт байхгүй эрх мэдлийг 50 хуулиар олгосон байна.  Энэ бол улстөрчдийн бүтээл. Ингээд 50 хуулиар эрх мэдлийг өгсөний дараа Ерөнхийлөгч зэрэгцэн оршиж байгаа эрх мэдэлд нөлөөлөх бүрэн боломж бий болсон. 

Ээлжит бус чуулганаар баталсан хуулиар энэ боломжийг бүр илүү лавшруулчихлаа. Монгол Улсын бүх шүүгчийг ямар нэгэн үндэслэл заахгүйгээр, хийж байгаа ажлыг нь түдгэлзүүлэх эрхийг өгсөн. Ингэснээр ҮАБЗ-ийн гурван хүнээс Монгол Улсын бүх шүүгч хамааралтай болчихлоо

Хэрэв тэдний өгсөн зааврыг биелүүлэхгүй бол ҮАБЗ хуралдаад хараат бусаар бие дааж ажиллах бололцоо руу шууд халдсан хууль болсон. Үндсэн хуульд шүүгч хараат бус байх ёстой, хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөхийг хориглодог. Үүн дотроо Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гээд нэр заагаад хориглосон байдаг. Гэтэл энэ хориглолтыг томоор нээгээд өгчихлөө. Тийм учраас бид Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм. 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудад өөрчлөлт оруулсаар ямар үр дагавар үүсэх вэ?

-Шударга бусын хонгил гээд яриад байгаа. Мөрдөн шалгах, хяналт тавих, шүүн таслах гурван эрх мэдлийн томилгоо нэг хүнээс хамааралтай байна. Үүнийг л шударга бусын хонгил гээд байгаа юм. Энэ хонгил үнэхээр байдаг бол нураах ёстой. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулснаар шударга бусын хонгилыг нураах бус харин ч энд ажиллаж байсан хүнийг өөрийн хүнээр солих эрхийг авсан.  

Энэ хууль батлагдсанаар шударга бусын хонгилоо бэхжүүлж байна. Улстөрч болгоны амнаас гараад байгаа шударга бусын хонгилыг нураана гэдэг нь үнэндээ огт хэрэгжихгүй харин ч эсрэгээрээ тэр хонгилыг жолоодох эрх мэдлийг авах хууль болчихоод байна. 
Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдалд шууд нөлөөлөөд шүүн таслах ажиллагаа хуульд нийцэж явах ямар ч боломжгүй болчихож байгаа юм. 

ҮАБЗ гэдэг том байгууллагыг бид яриад байгаа. Гэвч үнэндээ гуравхан улстөрч байдаг. Энэ гурван хүн аль нэг намыг төлөөлдөг. Ерөнхийлөгч намын харьяаллаасаа түдгэлздэг ч гэсэн аль нэг намаас нэр дэвшдэг. Тэр гурван хүнийг тойрон хүрээлж байгаа хүмүүс нь намын угшилтай, намын үзэл баримтлалтай байдаг. Нэгэнт улс төр хутгалдаад ороод ирсэн дээр нь улс төр нь эргээд тусгай албадын үйл ажиллагаанд оролцоод ирэхээр ямар эмгэнэлтэй байдалд хүрдгийг бид өнгөрсөн түүхээс хангалттай харсан. Үүнийг л нураая гэдэг үг одоогийн бүх улстөрчдийн амнаас гарч байгаа. Гэвч үүнийхээ эсрэг юм хийгээд байна. 

Монголд хөндлөнгийн хараат бус шүүх байхгүй болчихлоо. Хамгийн аюултай нөхцөл байдал нь энэ.

-Үндсэн хуулийн цэцэд яг ямар үндэслэлээр хандаж байгаагаа тайлбарлахгүй юу? 

-Өнөөдөр шүүх дээр очлоо гэхэд хэн нэгэн улстөрчийн нөлөөгөөр шүүх шийдэх бололцоотой болчихлоо. Нотлоход хэцүү, гэхдээ тийм эрсдэл бий болчихоод байна. Ийм сөрөг үр дагавартай байгаа учраас бид Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа. Цэцэд хандахдаа нэгдүгээрт, энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг байна. Хоёрдугаарт, тусгай албадын буюу хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа руу шууд нөлөөлсөн. Цаад утгаараа хууль, хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа хэрэгт нөлөөлөх нөлөөллийг нээгээд өгчихсөн байгаа учраас хуульчдын өдөр тутмын ажил амьдралтай шууд холбогдож байна. 

Тийм ч учраас бид Үндсэн хуулийн үзэл санаа, мэргэжлийн үнэ цэнээ хадгалахын тулд энэ хуулийг ҮХЦ-д өгсөн. Энэ нь шүүх, хуулийн системд байгаа хууль бус үйлдлийг зөвшөөрч байгаа ч юм уу байхгүй гэж тайлбарлаж байгаа явдал огт биш. Үүнтэй тэмцсээр ирсэн. Цаашдаа ч тэмцсээр байх болно. 

Хууль тогтоомжийн тухай хуулиар УИХ-д өргөн баригдах хууль нь судалгаа хийгдсэн, алдаа дутагдал нь хаана байна гэдгийг тодорхойлж тогтоогоод, шийдлийг нь санал болгоод буюу хуулийн төслөө бэлдчихээд, үр дүнг нь харсан байх ёстой шаардлага тавигддаг. Ийм алдаа байна, ингэж засъя, үр дүн нь ингэж гарна гэдэг ч юм уу. Цогцоор нь бэлдчихээд өргөн барьдаг. Гэтэл энэ хууль дээрх шаардлагыг хангаагүй. Ямар үр дүнд хүрэх гээд байгааг нь ч судлаагүй. 

Шударга ёс тогтооно гээд байгаа юм. Шударга ёсыг яагаад энэ гурван улстөрчийн томилсон хүн тогтоох юм. Яагаад өмнөх улстөрчийн томилсон албан тушаалтан шударга бус байгаа юм. Тэгвэл давтагдахгүй гэх баталгаа байна уу үгүй юу. Энэ бүх асуултад хариулт болж шийдэл нь хамт өргөн баригдах ёстой байсан. 

Түүнчлэн бас нэг алдаа нь УИХ-ын дэгийн тухай хуульд нэн яаралтай өргөн барих хуулийн зохицуулалт бий. Зөвхөн эдийн засгийн ач холбогдолтой асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзээд Ерөнхий сайд өргөн барьсныг УИХ-аар хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуулиуд нь энэ шаардлагад хамаарахгүй. Ингэснээр хууль дээдлэх ёсны зарчим гэдэг юмыг алдагдуулсан. 

Хууль нь өөрөө Хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн байхын тулд алдаагүй бичигдсэн байх ёстой. Гэтэл энэ хуульд хоёр том алдаа гаргасан. Прокурорын тухай хуулийн 46.6.4-т прокурорыг чөлөөлөх нэг үндэслэл болгож “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан” гэж оруулж өгсөн. Зөвлөмж гарсан тохиолдолд чөлөөлнө гэдэг ч юмуу хоорондоо холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан нь тодорхойгүй. 

Гэтэл Авлигын эсрэг хуулиар яаж хэрэгжүүлэх тухай заасан хэр нь үндэслэх хэсэгтээ тэр заалтаа оруулаагүй алдаа гаргасан. Тус хуулийн 22.4.4-т хугацаа нь дууссан, эрүүл мэндийн хувьд ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон,  ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд чөлөөлнө гэх ёстой байтал энэ заалтад оруулаагүй. 

Хоёрдугаарт, энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн мөрдөнө гэсэн. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчиж байгаа юм. Хориг тавих хугацаа байх ёстой. Үүнийг баримтална. Албан ёсны хэвлэл дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог зохицуулалт хийгээд өгчихсөн. Гэтэл батлагдсан өдрөөсөө мөрдөнө гэж байгаа нь хууль зөрчиж байна. 

Яг ийм заалттай хууль өмнө нь баталж байсан. Түүн дээр Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад, дүгнэлтийг нь УИХ хүлээгээд авчихсан. 

Гурван эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, хараат бус шүүх ажиллах бололцоогүй болгосон, хууль дээдлэх ёсны зарчмаа зөрчсөн, шаардлага хангаагүй. Ийм л хууль болсон. 

-Одоо нэгэнт ийм хууль батлагдчихлаа. Цаашид яах вэ? 

-Ганцхан хуульч Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар хүлээж авах итгэл бага байна. Яагаад гэвэл жил гаруйн өмнө Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг томилсон. Энэ дөрвөн гишүүн хуульд заасан шаардлага хангаагүй учраас 400 гаруй хууль эсэргүүцлээ илэрхийлэн, гарын үсэг цуглуулж, цэцэд хандсан. 

Тэр үед бид Үндсэн хуулийн цэц үзэл санаанаасаа зөрчсөн ухралт хийвэл тэдгээр дөрвөн хүн түүнийг нь зөвшөөрөх хэмжээнд, хэн нэгэн албан тушаалтанд үйлчлэх хэмжээний хүмүүс томилчихлоо гэдгийг анхааруулсан. Үр дагавар нь одоо гарах байх л даа. Одоо биднийг ҮХЦ-д хандахаар хүлээж авахгүй байх болов уу гэсэн болгоомжлол бий. 

Тийм учраас бид доод тал нь 1,000 хуульчийн гарын үсэг цуглуулаад, Үндсэн хуулийн үзэл санаагаа хамгаалъя гэж ярилцаж байгаа. 

Нэг асуудал яригдаад байгаа. Одоо ч гэсэн та нар Ерөнхийлөгчөөс хамааралтай, одоогийн тогтолцоо чинь хараат бус ажиллаж чадахгүй байгаа шүү дээ гэсэн шүүмжлэл бий. Бид аргаа ядаж байна л даа. Муу юмыг бүр муугаас хамгаалах гээд байна шүү дээ. Муу юмыг сайжруулах ёстой хүмүүс нь үүргээ биелүүлэхгүй болохоор бүр муутгаж болохгүй байна. Одоо бол яалт үгүй Ерөнхийлөгчөөс хамааралтай байгаа.

Гэхдээ бүр хяналтдаа авах гэж байгааг нь эсэргүүцэж байна. Яагаад хяналтдаа авах гээд байна гэхээр тэр муу хувилбар чинь бас хүсэл зорилгод нь нийцэхгүй байна шүү дээ. Монголын 5,500 хууль, 500 гаруй шүүгч бүгд авлигад автсан гэж бодож болохгүй. 

-Энэ хуулийг батлахтай зэрэгцэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон хүмүүсийг удаан хугацааны турш эрүүдэн шүүсэн гэх асуудлыг босгож ирсэн. Ингэж хүний эрх, хууль зөрчиж байгаа учир энэ хуулийг баталж, буруутнуудад хариуцлага тооцох гэж байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх хуулийн заалт нь С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн явдалтай ямар холбоотой гэж харж байна вэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулахтай зэрэгцүүлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эрүүдэн шүүлт байсан уу үгүй юу гэдэг асуудал яригдаж эхэлсэн. 

Энэ эрүүдэн шүүсэн муухай тогтолцоог бид нураах гэж байна гэдэг агуулгаар ерөнхийд нь яриад явчихсан. Энэ бол ямар ч үндэслэлгүй, хоорондоо ямар ч холбоотой зүйлүүд юм.

Өөрөөр хэлбэл, дарга нарын дор ажиллаж байсан хүмүүс гүйцэтгэсэн байж магадгүй гэж бодъё л доо. Гэтэл тэр явдал нь ХЗДХ-ийн сайдын харьяанд байдаг ШШГЕГ-т болсон. Хэрэв үнэхээр эрүүдэн шүүлтийн эсрэг ажиллах гэж байгаа бол өмнө нь байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээе ч гэдэг юм уу хууль эрхзүйн орчныг сайжруулах боломж байгаа. Ийм боломжийг ашиглахын оронд эрх мэдлийг өөртөө авах гэж байгаа үйлдлээ эрүүдэн шүүсэн гэдэг асуудлаар халхавч болгоод л түлхчихлээ. 

Энэ хуулийн үр дүнд шинээр томилогдож очсон хүмүүс нь дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүхгүй гэх баталгааг хэн өгөх вэ. Ямар хүнийг томилох юм. Тэр нь тодорхойгүй.

-ҮАБЗ гэдэг газар гурван гишүүнтэй. Энэ гурван хүний байр суурь, санал ямар нэгэн асуудал дээр зөрөлдөнө гэж байдаг уу?

-ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийг заавал биелүүлэх шинж чанаргүй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч буюу нийт ард түмнээс мандат авсан албан тушаалтан, улстөрийн сонгуульд ялсан намын дарга буюу Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүнээс дэмжлэг авсан УИХ-ын дарга гэсэн нөлөө бүхий албан тушаалтнууд тэнд байгаа.

Энэ утгаараа зөвлөмж гаргаж байгаа нь энийг хэрэгжүүлье гэсэн хүсэл зорилгоо илэрхийлж байна гэж л ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол, УИХ-ын хууль, тогтоол болж биелэх ажлыг хэрэгжүүлье гэж тохиролцож байгаа санаа юм. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дийлэнх хувь нь хэрэгжээд явдаг гэж ойлгож болно. 

Нэг талаар зөвлөмжийн түвшинд албан тушаалтнуудын томилгоог ҮАБЗ шийдэж байгаа нь сайн зүйл. Өмнө нь зөвхөн Ерөнхийлөгч энэ эрх мэдлийг эдэлдэг байсан. Ганц Ерөнхийлөгчид энэ эрх мэдлийг өгөхгүй гурвуулаа шийдье гэдэг л санаа л даа. Тэр эрх мэдлийг гурван албан тушаалтанд хуваагаад нэгдмэл зөвшилцөлд хүрч байж явна шүү гэж тохиролцож байгаа нь нэг албан тушаалтнаас хамааралтай байгааг саармагжуулсан мэт ойлгогдоно.

Нөгөө талаар ажлаа хийж байгаа хүмүүсийг бид гурав хүссэн үедээ чөлөөлнө шүү гэж байгаа нь зөвхөн бид гуравт л үйлчил гэсэн санаа. 
Ингээд эхэлбэл хэлмэгдүүлэлт, эрүүдэн шүүлт гэдэг юм хэрэгжих боломжтой болж байна гэсэн үг. 

-Эрүүдэн шүүлтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүдэн шүүлт бол аймшигтай, өнөөгийн нийгэмд байж боломгүй зүйл. Тэр дундаа цагдан хорих төвд бие физиологи, сэтгэл санааны хувьд эрүүдэн шүүлт үзүүлж байгаа нь хамгийн хүнд хэлбэр нь юм. 

Эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзүүлсэн гээд байгаа. Хэн, хэзээ бичлэг хийсэн, тийм бичлэг хийснээр тухайн хүний гэм буруутай нь нотлогдож, шүүх дээр яригдаад, шийтгэх тогтоолын үндэслэл болсон уу гэх мэт нарийн асуудлууд нь огт шалгагдаагүй

Ийм байтал хэн нэгэн буруутай гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Хэн нэгнийг буруутай гэж ярихын тулд тэр хэргийг хийсэн гэх хангалттай нотлох баримттай байх ёстой. 

- Заавал тэр бичлэгийг үзүүлэхгүйгээр, хууль батлахгүйгээр эрүүдэн шүүгдсэн гэх хүмүүсийн хөндөгдсөн эрхийг сэргээж болох байсан уу? 

-Шүүхээр цагаатгах боломжийг шинэ Эрүүгийн хуульд байхгүй болгосон. Харин Ерөнхийлөгч уучлал үзүүлж болно. Хэнд ч уучлал үзүүлэх эрх нь Ерөнхийлөгчид байгаа. Ерөнхийлөгч улс төрийн шийдвэр гаргаснаар тухайн хүн гэм буруутай байсан ч уучлагдана

-Тэгэхээр аль ч талаас нь харсан цогцоор нь өргөн барих ёстой байсан хуулийг яаран сандран хагас дутуу батлуулснаа бичлэг үзүүлсэн төдийхнөөр халхавчилсан дүрслэл харагдаад байна л даа. 

-Бичлэг үзүүлснээр нийгэмд нөлөөлж, айдас төрүүлсэн. Аз болж энэ эрүү шүүлтийн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлыг шийдье гээгүй ч олны анхааралд оруулаад ирлээ. 

Ингэж олны анхааралд оруулж ирсэн дээр нь бид шийдлээ ярих ёстой. ХЭҮК-ын даргын хэлж буйгаар энэ мэт эрүүдэн шүүлт явуулсан субъектүүдийг шалгадаг Ерөнхий прокурорын дэргэд тусдаа бие даасан бүтэц байсныг үгүй хийсэн. Түүнийг дахин сэргээх шаардлагатай байна. 

Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил. Шударга бусын хонгил байна гэж хамгийн чанга дуугарч байсан хүмүүс өөрсдөө энэ бүтцийг нурааж байсан.  

Улстөрчдийн ярьж байгаа зүйл нь зорьж байгаа үр дүнтэйгээ холбоотой байна уу үгүй юу гэдэг нь газар тэнгэр шиг болчихоод байна.

-Улстөрчдийн үг, үйлдэл зорьж байгаа үр дүнтэйгээ холбогддоггүй гэлээ. Яг ийм явдал сая Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах үеэр болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийнхөө гаргасан горимын саналын эсрэг кноп дарж байхыг харлаа.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөвхөн эрүүдэн шүүлт хийсэн тохиолдолд ҮАБЗ хэлэлцье” гэдэг хязгаарыг хийх саналыг өөрөө гаргасан. Тэр нь зөв л дөө. Тэгэхгүй бол ҮАБЗ ямар ч үндэслэл заахгүй хуралдаад, таалагдахгүй байна гээд чөлөөлөх байдал үүсээд байсан. Гэтэл чуулганы хуралдаан дээр өөрийнхөө гаргасан саналын эсрэг санал өгөөд унагаасан. 

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээх асуудал хөндөгдсөн. Гэтэл зарим албан тушаалтнууд “Тийм байгууллага байхдаа юу хийсэн юм. Самар зарж байсан иргэнээс 500 мянган төгрөгийн хахууль авсан цагдаагийн ганц хэргийг л шалгасан” гэж ярьж байсан. Үнэхээр тийм ач холбогдолгүй газар байсан хэрэг үү?

-Би Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нэлээн хэдэн хэрэг дээр ажиллаж байсан. Маш амаргүй ажил. Яагаад гэвэл мэргэжлийн мөрдөгч, хуульч, прокурор, шүүгч нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгадаг учраас бүр илүү мэргэжсэн, чадварлаг боловсон хүчин байх ёстой. 

Алдаа дутагдал гарсан зүйл байгаа байх. Гэхдээ тэр байгууллага байх үед харьцангуй айж эмээдэг байсан. Одоо бол цагдаатай холбоотой хэргийг АТГ, АТГ-ынхныг цагдаа гэх мэтчилэн зөрүүлээд шалгадаг болсон.  

Улстөрчдийн хэлж байгаа тоо баримтууд үнэн байж болно. Гэтэл зөвхөн өөрт хэрэгтэй тоо баримтыг өөрт хэрэгтэй өнцгөөс л яриад байна. Огт хамаагүй хууль өргөн барихдаа эрүүдэн шүүлт гэдэг юмыг л харуулаад яг нөгөө хуулиа ард нь нуусан шиг. 

Шүүн таслах ажиллагаа явуулсан нь шүүх эрх мэдлийг хараат болгох эрхийг өгөх ёсгүй. Зорилго нь аргаа зөвтгөнө гэж байгаа юм шиг ийм аймшигтай мангастай тэмцэхийн тулд бид илүү хүчтэй ажиллах ёстой гээд хууль зөрчөөд эхэлбэл өөрсдөө тэрнээсээ илүү мангас болж хувирна. 

-За энэ хууль батлагдлаа. Батлагдсан өдрөөсөө үйлчилж эхэлсэн. Тэгвэл одоо би эрүүдэн шүүгдэж байсан гэсэн гомдол хэн нэгэн эсвэл бүр олон хүн гаргах байх. Тэдгээр гомдлыг хаана, хэн шийдэх вэ. Үүнийг яаж зохицуулах юм бол? 

-Үр дагаварын судалгаа чинь энэ шүү дээ. Тийм гомдлыг ҮАБЗ-ийн ажлын албанаас ШЕЗ-д нэн даруй хүргэнэ гэж байгаа юм. Эрүүдэн шүүгдэж байсан иргэн ҮАБЗ-ийн ажлын албанд гомдол гаргах нь. Тэрийг нь тогтоогоод, ҮАБЗ-ийн зөвлөмж гарна. Энэ зөвлөмжөө ШЕЗ-д явуулна. Наад шүүгчийнхээ эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулж ир эсвэл түдгэлзүүллээ шүү гэж мэдэгдэнэ. 

Тэгэхээр эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоох хэрэгтэй болж байна. Гэм буруутайг шүүхээс тогтоодог. Энэ ажлыг ҮАБЗ-ийн гурван улстөрч өмнүүр нь гүйж орж тогтоох гээд байгаа нь буруу. Энэ чинь шүүх эрх мэдлийг шүүхээс өөр хэн ч хэрэгжүүлж болохгүй гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчөөд байна. Чи буруутай, чи эрүүдэн шүүсэн гэдгийг гурван улстөрч шүүх гээд байна. 

Уг нь эрүүдэн шүүх гэдэг чинь гэмт хэрэг. Гэмт хэргийг чи хийсэн гэдэг дүгнэлтийг ҮАБЗ-ийн ажлын алба гаргах гээд байна. 

Жилд 20 гаруй мянган эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Тохиолдол болгонд хүн өөрийгөө эрүүдэн шүүгдсэн гэж бодож байдаг. Магадгүй эрүүдэн шүүлт байнга болж байгаа. “Чи муу энд гарын үсэг зур” гэж байгаа нь хүртэл эрүүдэн шүүлт. Гэрчийг байцаахдаа “Чамайг цагдан хорино” гээд хэлж байгаа мөрдөгч нар байдаг. Энэ бол эрүүдэн шүүлт. Гэтэл энийг хэн яаж тогтоох юм. Иймэрхүү байдал Монгол Улс даяар байгаа. 

Энэ хууль хэрэгжих боломжтой эсэх хэрэгжсэнээр эрүүдэн шүүлт буурна, ихэснэ гэсэн тооцоо судалгаатай оруулж ирэх ёстой байсан

Шинэ Эрүүгийн хуульд нэг авууштай зүйл оруулсан. Юу гэхээр өмнөх хуулинд мөрдөгч, прокурор эрүүдэн шүүсэн бол хариуцлага хүлээлгэнэ гэж байсан. Гэтэл нөхдүүд өрөөнд нь өөр хоригдол оруулж, дамжуулж дарамтлаад байсан. Харин одоогийн хуулинд бусдаар дамжуулж хийсэн ч бай дам дамаа хийсэн үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцдог болсон. 

Би бүр инээдтэй зүйл хэлэх үү. 

-За. 

-Гэрч, яллагдагчийг эрүүдэн шүүсэн мөрдөгчийг ҮАБЗ яах ч үгүй. Яагаад гэвэл энэ хууль зөвхөн дарга нарыг, шүүгчийг хална, солино гэсэн хууль шүү дээ. Яг мөрдөгч дарамталж байхад энэ хууль үйлчлэхгүй. 

Шүүгч эрүүдэн шүүлт хийх тохиолдол маш бага. Байцаалтад оролцохгүй, шүүх хуралдааны танхимд л хуралдааныг удирдана. Ганцхан тохиолдол байж болох нь цагдан хорих үндэслэлгүй байхад нь сунгаад байх. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр цагдан хорьж, эрүүдэн шүүгдэх бололцоог олгож болох оролцоо. Тэр тусмаа дээд шатны шүүгч нар эрүүдэн шүүлтэд оролцох ямар ч боломж байхгүй. 

Прокурор бол таслан сэргийлэх арга хэмжээ авна, гүйцэтгэх ажлын зөвшөөрөл авдаг. Ер нь бол энэ хэргийг мөрдөгч нар л үйлддэг.