Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японд ажиллах боломжийг монголчуудад олгох хууль хэрэгжиж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Япон улсад шинэчлэгдсэн цагаачлалын хууль хэрэгжиж эхэлснээр гадаадаас мэргэжлийн ажилчид олноор авах боломж нээгдэж байна.

Өөрөөр хэлбэл өмнө хэрэгжиж байсан дадлагажигч ажилчны хөтөлбөрийн дутагдалтай талыг нөхөж, ажиллах хүчний хомсдлыг жинхэнэ утгаараа нөхөх зорилготой гаргасан хууль хэрэгжиж эхэлж байгаа юм.

Гадаад ажилчны виз нь дотроо “Type-1”, “Type-2” гэсэн хоёр төрөлтэй. Type-1 виз нь Монгол, Камбож, Хятад, Малайз, Мьянмар, Балба, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн Азийн есөн улсаас мэргэжлийн ур чадвар болон япон хэлний шалгуур хангасан мэргэжлийн ажилчдыг Японд ирүүлэхэд зориулагджээ.

Харин Японд гурван жилийн дадлагажигч ажилчны хөтөлбөрийг дүүргэсэн хүмүүс Type-1 визийг шууд авах боломжтой юм.

Шалгуур хангасан гадаадын иргэд Япон дахь ажилд зуучлагч байгууллагуудын тусламжтай гэрээ байгуулах компаниа олох ажээ.

Type-1 визтэй иргэд Японд тав хүртэл жил ажиллах эрхтэй. Гэхдээ гэр бүлээ Японд ирүүлэх боломжгүй юм.

Харин илүү нарийн мэргэжлийнхэнд зориулсан Type-2 визний шалгуурыг хангах дээр дурдсан Азийн орнуудын иргэд хязгааргүй хугацаагаар Японд гэр бүлийн хамт ажиллаж амьдрах боломжтой болж байна.

Одоогоор Type-2 визний ангилал зөвхөн барилга, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт үйлчилж байгаа ажээ.

Японы засгийн газар ирэх таван жилийн хугацаанд нийт 340,000 гадаад ажилчин авах зорилт тавьсан байна.

Одоогоор тус улсад 1.2 сая ажиллах хүчний дутагдал байгаагийн ихэнх нь барилга, хөдөө аж ахуй, загас агнуур, зочид буудал, рестораны салбарт байгааг албаны тоо баримт харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Nikkei