Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Андрей Михнев томилогдлоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN

Украины иргэн Андрей Михнев 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллах боллоо.

 

Ноён Михнев нь Монгол дахь хамтрагч талуудтай Дэлхийн банкны бодлогын хэлэлцүүлэг болон хэрэгжих буй хөтөлбөрүүдийг удирдан ажиллах юм. Дэлхийн банк хөгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнтэй хамтран Монголын засгийн газрын тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх, ядуурлыг бууруулах ба олон нийтийн үйлчилгээг сайжруулах зорилго чиглэлүүдийг ноён Михневийн удирдлага дор цаашид үргэлжлүүлсээр байх болно.

“Би ирэх жилүүдэд Монголд ажиллаж, Монголын хөгжил дэвшлийн төлөө засгийн газар ба бусад гол оролцогч талуудтай хамтран ажиллах гэж байгаадаа тун баяртай байна. Монгол улсыг эдийн засгийн өсөлт, бүх нийтийн ахиц дэвшилтэд хүргэх замд хөтлөх мэдлэг туршлага, санхүүгийн хэрэглүүрүүд Дэлхийн банканд хангалттай байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Андрей Михнев хэлэв.

Дэлхийн банк 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад оруулах тусламж болон зээлийн хэмжээгээ 230 сая ам.доллараар нэмэгдүүлсэн билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрчим хүч, боловсрол, засаглал гээд маш олон салбарыг хамарсан төрөл бүлийн төсөл хөтөлбөрүүд Монгол Улсад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байна. Дэлхийн банк санхүүгийн дэмжлэгээс гадна Монголын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудыг сайжруулах зорилгоор аналитик болон зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Ноён Михнев нь олон улсад эдийн засгийн хөгжлийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай билээ. Тэрбээр Монголд ирэхийнхээ өмнө Ойрхи Дорнод болон Персийн булангийн орнуудад өрсөлдөх чадвар ба хувийн хэвшилд дөрөөлсөн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж байсан юм. Үүнээс өмнө Ноён Михнев Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Төв Ази зэрэг олон оронд эдийн засгийн өөрчлөн шинэчлэлт хийх ажлуудад төвлөрөн ажиллаж байв.

Ноён Михнев нь Киевийн Их сургуульд олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд англи, украин, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.