Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоганы нам Туркийн орон нутгийн сонгуулиар нийслэл Анкараг алдав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Турк улсад болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы исламист AK (Шударга ёс, Хөгжлийн нам) нам нийслэл Анкара хотыг сөрөг хүчнийхэнд алдсан нь томоохон ялагдал боллоо.

Мөн Туркийн хамгийн том хот Истанбулд ялах эсэх нь эргэлзээтэй байна. Тус хотод гол хоёр нэр дэвшигчийн саналын тоо тун ойрхон яваа юм.

Сөрөг хүчний CHP (Ардын Бүгд Найрамдах Нам) намын нэр дэвшигч Мансур Явас нийслэл Анкара хотод ялалт байгуулсан нь тодорхой болсныг Туркийн телевиз мэдээлжээ.

Харин Истанбул хотод саналын хуудасны 98.8 хувийг тоолсны дараа CHP намын нэр дэвшигч 4,111,219 санал авсан бол эрх баригч AK намын нэр дэвшигч 4,106,776 санал аваад байгааг мэдээлсэн байна.

Энэ удаагийн сонгууль нь 2017 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдоганд ихээхэн эрх мэдэл төвлөрүүлсний дараа болж буй анхны орон нутгийн сонгууль юм.

Эрдоганы AK нам 2002 оноос хойш бүх сонгуульд ялж байсан бол одоо анх удаа ухралт хийж байна. Сүүлийн жилүүдэд Туркийн эдийн засаг хямарч, ажилгүйдэл өсөж, инфляцийн хэмжээ хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Энэ удаагийн сонгуулийн үеэр Турк даяар гарсан үймээн самуунд дөрвөн хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн гэмтэж, бэртсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Эх сурвалж: AFP