Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдыг "ДИЖИТАЛ БИЧИГ ҮСЭГТЭН" болгох хөтөлбөрийг 20 сургуульд хэрэгжүүлнэ

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 2.2 сая идэвхтэй Фэйсбүүк хэрэглэгчтэй. Та болон таны хүүхэд энэ тоонд багтаж байгаа бол цахим орчин дахь аюулгүй байдал, дижитал бичиг үсгийн талаар мэдлэгтэй болох нь зайлшгүй эзэмших ёстой чадвар юм.

Гэтэл 11-18 насныхан буюу ЕБС-ийн сурагчид сургалтын хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсан чадварт суралцах боломжгүй байна. Тиймээс "Faro Foundation Mongolia" төрийн бус байгууллага Фэйсбүүк компанийн дэлхий даяар хэрэгжүүлж буй цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүлээж авсан мэдээлэлдээ үнэлэлт дүгнэлт өгч сургах зорилго бүхий хөтөлбөрийг орчуулан, сургагч багш, сурагчид, эцэг эхчүүдэд хүргэхэд бэлэн болжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Цахим сүлжээний дижитал бичиг үсгийн боловсролын номын сан" хэмээх уг хөтөлбөр нь олон улсын лицензтэй бөгөөд Харвардын Их Сургуулийн Берман Клейн төвөөс боловсруулсан байна.

Хөтөлбөрт сурагчдыг цахим орчинд өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа сайн тунгааж, аливааг хүлээж авахдаа шүүмжлэлтэй ханддаг болоход нь туслах цогц хичээлүүдийг багтаажээ. Тодруулбал,

  1. Хувийн нууцлал /Хувийн нууцлал гэж юу вэ?, Хэн харж байна вэ?, Хэрхэн удирдах вэ?/
  2. Хувь хүний илэрхийлэл /Өөрийгөө танилцуулах, Хүлээж авах/
  3. Эерэг хандлага  /Эрүүл найрсаг харилцаа, Урам өгөх/
  4. Аюулгүй байдал /Мэдээллээ хамгаалах, Нууц код/
  5. Олон нийтийн оролцоо /Хөгжүүлэх, Оролцоо нэмэх, Өөрчлөх/

Өсвөр үеийнхийг хамруулсан эдгээр хичээлүүд нь тэдний хоорондын харилцаа болон оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн хэлэлцүүлэг, асуулт хариулт болон хөгжөөнт тоглоомуудыг багтаасан байна. Хичээлүүдийг танхимын сургалтаар, хичээлээс гадуур болон гэрээр ганцаарчилж болон бүлгээр суралцах боломжтой .

"Бидний нэг өдөрт авч буй мэдээллүүд Чингис хааны бүтэн жилийн турш хүлээж авч байснаас ч илүү гарахаар байна"

 

Фэйсбүүк компанийн Хонг Конг, Тайвань, Монголын олон нийтийн бодлого зохицуулах газрын дарга Жорж Чен хөтөлбөрийн ач холбогдолын талаар "Өнөөдөр маш чухал түүхэн өдөр болж байна. Дэлхий даяар явуулдаг уг хөтөлбөрийг монгол хэлнээ хөрвүүлж, ямар ч үнэ төлбөргүйгээр сургуулийн сурагчдад хүргэх боломжтой боллоо. Энэ ажилд хамтарч байгаа Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар болон "Faro Foundation Mongolia" төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.

Нийгмийн сүлжээ хөгжсөн энэ үед дижитал бичиг үсэгтэн байх нь маш чухал болсон. Бид хором тутам нийгмийн сүлжээнээс асар их мэдээлэл авдаг. Зүйрлэж хэлбэл бидний нэг өдрийн дотор хүлээн авч буй мэдээллүүд Чингис хааны бүтэн жилийн турш хүлээж авч байсан мэдээллээс илүү гарахаар байна.

Тиймээс хүүхдүүдэд авч буй маш их мэдээлэл дундаасаа өөрт хэрэгтэй мэдээллийг ялгадаг, найдвартай эх сурвалж мөн эсэхийг лавлах чадварт сургадаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Мөн цахим орчин дахь аюулгүй байдлаа хангах, нийгэм соёлын ялгааг ойлгох, зөв зохистой харилцааг бий болгох гэх мэт өнөөгийн нийгэмд заавал эзэмшвэл зохих чадваруудад суралцах боломжтой.

Фэйсбүүк бол техноогийн компани, нийгмийн харилцааны талаар бүх зүйлийг мэдэхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэдтэй хамтарч хөтөлбөрүүдийг боловсруулдаг" хэмээн тайлбарлалаа.

"Цахим орчинг хэрхэн аюулгүй, үр дүнтэй ашиглах талаар суралцах зайлшгүй шаардлага тулгараад байна"

 

Фэйсбүүкийн орон нутгийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтрагч "Faro Foundation Mongolia" ТББ хичээлийн хөтөлбөрийг монгол хэл рүү орчуулах, нутагшуулах үүрэг хүлээжээ. Дижитал бичиг үсгийн талаар заах болон сургагч бэлдэх ажил хэрэгжиж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 20 ЕБС хамрагдахаар болсон байна.

"Faro Foundation Mongolia" ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал “Энэ бол Монголын ирээдүйд нийгмийн болон стратегийн хувьд чухал зүйлийн эхлэл юм.

Хөтөлбөрийг манай ТББ-ын вэб сайт болон http://www.literacy.mn сайтаас бүрэн эхээр нь үзэх, татаж авах боломжтой. Бидний хувьд сургагч багш бэлтгэх аргыг ашиглан сургуулиуддаа хичээлээ түгээхээр болоод байна.

Технологийн хөгжил тасралтгүй үргэлжилж байгаа энэ үед бид цахим орчинг хэрхэн аюулгүй, үр дүнтэй ашиглах талаар суралцах зайлшгүй шаардлага тулгараад байгаа" хэмээн онцоллоо.

"Олон нийтийн сүлжээнд хүүхдийг буруу, хорт зуршлаас хамгаалах зайлшгүй шаардлага бий"

 

Сонгинохайрхан дүүргийг 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан "Сургуулийн зүгээс сурагчдын цахим орчны хэрэглээг аль болох хязгаарлахгүй байхыг зорьдог. Цахим орчинг асар их мэдээллийн сан гэж хэлж болно. Тэндээс хүүхдүүд мэдлэг, мэдээлэл олж авах, бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тиймээс өөрт хэрэгтэй зөв мэдээллээ хэрхэн олж авах чадварыг олгох зорилготой хөтөлбөрийг дэмжиж байна.

Сургуулийн түвшинд олон нийтийн сүлжээнд хүүхдийг буруу, хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Зөвхөн хүүхдүүд гэхгүй эцэг эхчүүдэд зориулсан агуулга байгааг таатай хүлээн авч байгаа" гэв.

Хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиуд:

  1. 11-р сургууль
  2. 1-р сургууль
  3. 52-р сургууль
  4. 12-р сургууль
  5. 45-р сургууль
  6. 20-р сургууль
  7. 28-р сургууль
  8. 115-р сургууль
  9. 23-р сургууль
  10. 93-р сургууль
  11. 44-р сургууль
  12. 5-р сургууль
  13. Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль
  14. Эрдмийн өргөө цогцолбор
  15. Төгс дэлгэрэх сургууль
  16. Эрдмийн ундраа сургууль
  17. Шинэ Монгол сургууль
  18. Ирээдүй цогцолбор
  19. Hobby сургууль
  20. Орчлон сургууль

Цахим сүлжээний дижитал бичиг үсгийн боловсролын номын санг танилцуулах уг арга хэмжээний төгсгөлд Фэйсбүүк компанийн Хонг Конг, Тайвань, Монголын олон нийтийн бодлого зохицуулах газрын дарга Жорж Чен, "Faro Foundation Mongolia" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Түүнчлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах бөгөөд Засгийн газрын бусад алба агентлагийг татан оролцуулахад туслан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.