Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхийг шалгажээ.

Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж, борлуулах явдал байсаар байгаа тул Нийслэлийн Байгаль орчны газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмжийг 2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд удаа дараа өгч байгаа боловч уг зөрчил арилахгүй байна.

Хүрээлэн буй орчны доройтлын олон шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт байдаг тул нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч эрэлт үүсгэхгүй байх, худалдан борлуулах, хил дамжуулан худалдах гэж буй тохиолдолд Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг нийслэлийн Байгаль орчны газраас уриаллаа.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58% байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67%-д хүрэх эрсдэлтэй.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалт мөрдөгддөг. 

Байгалийн ургамлын тухай хуульд ч дээрх төрлийн зохицуулалт бий.

Шалгалтыг нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хийжээ.