Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Чимэддорж: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хараат бус шүүх ажиллах боломжийг устгаж байгаа явдал боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, Засгийн газар болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж буй тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Эрх чөлөө хөдөлгөөн болон эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүр эрүүдэн шүүх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгах ёстой гэж үзэж байна. Мөн эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, зохион байгуулах даалгавар өгсөн буюу хатгасан зэрэг албан тушалтнуудыг олон нийтэд ил болгож, хуулийг хариуцлага хүлээлгэх ёстой.

Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудлыг далимдуулан улс төрийн ашиг хонжоо хайх, үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг хууль батлах замаар шүүхийн хараат бус байдлыг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэв. 

Хүний эрхийн үндэсний комисс тайлан бэлтгэх төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлаж болохгүй

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс ХЭҮК-д хүргүүлж буй шаардлагад:

“Хүний эрхийн үндэсний комисс нь өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ ёсчилон биелүүлээгүй, хорих ангид хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа үйл явдлын мөрөөр зохих арга хэмжээг аваагүй нь Монгол Улсад хүний эрх хамгаалах үйл хэрэг хангалтгүй байгааг гэрчилж байна.

ХЭҮК нь хүний эрх зөрчигдөж буй талаар тайлан бэлтгэх төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлах ёсгүй. Мөн 2001 он буюу байгуулагдсан цагаасаа хойш авсан нийт гомдол, гомдол нэг бүрийн мөрөөр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардаж байна” гэжээ. 

Эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон хүн бүрийг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

Уг хөдөлгөөнөөс мөн Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж буй юм. Шаардлагад “Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүхэд оролцсон гүйцэтгэгч, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтан, эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэх даалгавар өгсөн буюу хатгасан албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

2001 оноос хойш хугацаанд иргэдээс ХЭҮК, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдол бүрийн мөрөөр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна” гэсэн байна.

Мөн тус хугацаанд эрүүдэн шүүсэн талаар иргэдээс ирүүлсэн гомдол бүхий хэргүүдийг хэрхэн шалгасныг хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, ТББ оролцуулсан ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргахыг шаардаж байгаа ажээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн "Эрх чөлөө" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Эрүүдэн шүүсэн нь байж боломгүй балмад явдал. Гэвч нөгөө талдаа энэхүү явдлаар далимдуулж, шүүхийн хараат бус байдалд халдахыг хүлээн зөвшөөрч болохгүй. 

Шүүгч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх ёстой. Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 27-нд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хараат бус шүүх ажиллах боломжийг устгаж байгаа явдал боллоо. Үүнийг Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг салгаж, харилцан бие биеэ хянадаг суурь зарчимд үндэслэсэн шүүхийн хараат бус байдлыг хамгаалсан хуулийн хамгаалалтыг устгасан явдал гэж үзэж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрх чөлөө" хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очир "Нэг эрх мэдэл дээр төвлөрөх цэг нь эрх мэдэл хуваарилагдах онолоор гурван салаа байх ёстой гэсэн зарчмыг мөрдөөд 29 жил болж байна. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчсөн, эрүүдэн шүүх асуудал их болсон байна. Үүнд хариуцлага нэн түрүүнд ярих ёстой хоёр хүн байна. Нэг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж. 2005 оноос хойш буюу түүнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед олон улсын байгууллагуудын гаргасан тайлан, илтгэлийн дагуу ямар ажил хийж байсан бэ гэдгийг асуумаар байна.

Нөгөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Шүүгчдийг бүтнээр нь нэг өдөр чөлөөлөөд, нэг өдөрт томилж, оронд нь шүүх системд өөрийн гэсэн хүмүүсээ байршуулж ирсэн гэдэг талаар олон нотлох баримттай яриа байдаг. Тэр үед эрүүдэн шүүхтэй холбоотой процесс юу болж байв гэдгийг бид бүхэн судлах ёстой" хэмээв.