Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский, Порошенко нар Украины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд шалгарч үлджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Украины ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр хошин урлагийн жужигчин Володимир Зеленский тэргүүлжээ.

Түүний дараа хамгийн их санал авсан нэр дэвшигч нь одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко болсон байна. Ингэснээр энэ хоёр нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 21-нд болох хоёрдугаар шатны санал хураалтад өрсөлдөхөөр боллоо.

Улс төрийн ямар ч туршлагагүй, зөвхөн телевизийн цуврал кинонд ерөнхийлөгчийн дүрд тоглодог Зеленский ийнхүү экс ерөнхий сайд Юлия Тимошенког өрсөлдөөнөөс хасаж байна.

Урьдчилсан дүн гарсны дараа 41 настай Зеленский “Энэ бол том ялалтад хүрэх зөвхөн эхний алхам. Бид сэтгэл амарч болохгүй” гэж ярьжээ.

Хэрвээ дараагийн шатанд энэ амжилтаа давтвал тэр 45 сая хүн амтай, Европын хамгийн ядуу орнуудын нэг Украиныг удирдах юм.

Зеленский өчигдөр өглөө “aвлигагүй, хээл хахуульгүй” Украиныг байгуулахаа амлаж байв.

Урьдчилсан дүнгээр Зеленский 30, Порошенко 18, Тимошенко 14 орчим хувийн санал авсан бололтой. Сонгуулийн албан ёсны дүн Даваа гарагийн өглөө гарах төлөвтэй байна.

Украины хамгийн баян эрхмүүдийн нэг, шоколадны магнат Петро Порошенко 2014 онд Оросын талыг баримтлагчдыг төрийн эрхнээс зайлсуулсан хувьсгалын дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

53 настай Порошенко тус улсын дорнод хэсэгт явагдаж байгаа дайны галыг зогсоох, авлигыг бууруулах, Өрнөдтэй ойртох амлалт өгч байсан ч үр дүн муутай байгаа.

Тэрээр урьдчилсан дүнг өөрт нь болон одоогийн эрх баригчдад "хатуу сургамж" боллоо гээд дараагийн шатанд алдаагаа засахаа амласан байна.

Энэ удаагийн сонгуульд урьд өмнө байгаагүй олон буюу 39 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Үүнээс болоод саналын хуудасны урт 80 см хүрсэн байна. Гэвч эхний гурван нэр дэвшигчээс бусад нь хоёр оронтой тоонд хүрэх санал авч чадаагүй харагдаж байгаа юм.

Сонгуулийн ирц 63 хувь байсан нь өмнөх сонгуулийн ирцээс 4 нэгж хувиар илүү байгаа гэнэ.

Ямартай ч энэ удаагийн сонгуулийн үр дүн украинчууд одоогийн удирдагчдадаа итгэл алдарч, цоо шинэ хүн гаргаж ирэхээр шийдсэнийг харуулж байна.

 

Эх сурвалж: AFP