Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани утасгүй цэнэглэгч гаргах төлөвлөгөөгөө цуцалжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зах зээлд ойрын үед гаргахаар төлөвлөж байсан бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаагүй тул цуцалж байгаагаа Apple компани зарлажээ.

Энэ нь тус компанийн түүхэнд анхны тохиолдол гэж зарим мэргэжилтнүүд дүгнэж байна. Цуцлагдсан бүтээгдэхүүн нь гар утас, бугуйн цаг, чихэвч зэргийг утасгүйгээр цэнэглэх зориулалттай AirPower төхөөрөмж юм.

“Багагүй хүчин чармайлт гаргасны эцэст AirPower бүтээгдэхүүний үзүүлэлт манай өндөр шалгуурт нийцэхгүй байгааг тогтоосны дараа бид энэхүү төслөө цуцаллаа. Шинэ бүтээгдэхүүн гарахыг хүлээж байсан хэрэглэгчдээсээ уучлал гуйж байна. Утасгүй технологийн ирээдүйд бид бат итгэлтэй байгаа бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн энэ чиглэлд ажиллах болно” гэж Apple компанийн бүтээгдэхүүний инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Дэн Рикко мэдээлжээ.

AirPower утасгүй цэнэглэгч тавцанг анх 2017 оны есдүгээр сард iPhone X-ийн нээлтэн дээр зарлаж байсан юм.

Тухайн үед Apple энэ бүтээгдэхүүнээ 2018 онд гаргана хэмээн мэдээлж байв. AirPower-ийг Apple Watch, iPhone, AirPod гэсэн гурван төхөөрөмжийг зэрэгцүүлэн цэнэглэж чаддаг байна, мөн гурван төхөөрөмжийн цэнэгийн хэмжээг iPhone дээр нэгтгэн харуулдаг байна гэж тухайн үед мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: The Verge