Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкээр “LIVE” дүрс дамжуулах боломж хүн бүрт олдохгүй болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шэрил Сандбэрг өөрийнх нь сүлжээнд “LIVE” дүрс дамжуулах боломжийг хязгаарлах талаар судалж байгааг блог хуудсандаа мэдээлжээ.

Саяхан Шинэ Зеландад гарсан зэвсэгт халдлагыг үйлдэгч аллагын үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулсан явдал ийм алхам хийхэд хүргэж байгаа гэнэ.

Тиймээс Фэйсбүүк сүлжээнд хэн “LIVE” дамжуулж болох, болохгүйг тухайн хэрэглэгчийн өмнө нь гаргаж байсан үйлдэл дээр үндэслэн шийддэг байх тухай судалж эхэлжээ. Хэрвээ тухайн хүн Фэйсбүүкийн бодлогод харш, зохисгүй агуулгатай зүйл тараах оролдлого гаргаж байсан бол дүрс шууд дамжуулах эрхгүй болж магадгүй.

Гуравдугаар сарын 15-ны өдөр Шинэ Зеландын исламын сүмд зэвсэгт этгээд ганцаарчилсан халдлага зохион байгуулсны улмаас 50 хүний амь үрэгдсэн юм. Тэрээр энэхүү аллагаа Фэйсбүүкээр шууд дамжуулж, олон хүнийг цочролд оруулж байв.

Тухайн үед Фэйсбүүк компани шууд дамжуулалтыг дундаас нь тасалж, дараа нь нийтдээ 1.5 сая орчим хуулбарыг 24 цагийн хугацаанд устгасан тухай мэдээлж байсан юм.

Энэ долоо хоногт Францад төвтэй Исламын шашны нэгэн байгууллага хүчирхийллийг сурталчилсан хэргээр Facebook, YouTube компаниудыг шүүхэд өгсөн байна.

2.7 тэрбум хэрэглэгчтэй, манай гарагийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг буруу зорилгоор ашигласан дуулианд хэд хэдэн удаа холбогдоод байгаа билээ.

 

Эх сурвалж: Business Insider