Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналт эрдэмтэн Кирк Смит: УБ-ын агаарын бохирдлын сөрөг нөлөө Хятад болон бусад улсаас илүү байж болзошгүй

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

Аливаа бизнес хүүхэдтэй ямар нэгэн байдлаар харилцан холбогддог. Тухайлбал, хүүхэд нь бизнесийн байгууллагын хэрэглэгч, тэдний ажилчдын гэр бүлийн гишүүн мөн бизнесийн салбарын ирээдүйн удирдагч эсвэл залуу ажилтан нь байж болдог аж. Хүүхэд нь мөн аливаа компанийн үйл ажиллагаа явуулдаг харьяа дүүрэг, орон нутгийн оршин суугч нь байдаг. Иймээс том, жижиг байхаас үл хамааран аливаа бизнес хүүхдийн эрхэд шууд болон шууд бусаар эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг талаар олон улсын судлаачид онцолж байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан АШУҮИС, Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад бизнес, хувийн хэвшлийн байгууллагуудын хувь нэмэр, хөрөнгө оруулалтыг өсөн нэмэгдүүлэх зорилгоор "Агаарын бохирдолд хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсоноос гадна Нобелийн шагналт, Калифорни дахь Берклийн Их сургуулийн Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийн сургуулийн профессор Кирк Смит болон бага насны хүүхдийн эрүүл мэндийн судлаач, эмч Дэвид Варбуртон нар оролцож, өөрсдийн судалгааны ажлаасаа танилцуулсан нь онцлог боллоо.

Агаарын бохирдол нь чихрийн шижин гэх мэт архаг өвчлөлийг нэмэгдүүлж байж болзошгүй
 
Гэрэл зургийг: MPA.mn

Нобелийн шагналт, Калифорни дахь Берклийн Их сургуулийн Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийн сургуулийн профессор Кирк Смит "Улаанбаатар хотын агаарын бохирдол хотын ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар нарийвчилсан судалгаа хараахан гараагүй ч БНХАУ болон бусад улсуудынхаас илүү их сөрөг үр нөлөө үзүүлж байж болзошгүй юм.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд гарч буй нас баралтын хувь хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн  тооцоог дотоодын судлаачид гаргажээ. Агаарын бохирдол хүний бие, эрүүл мэндэд голчлон томуу томуу төст өвчин, хатгалгаа, амьсгалын замын болон уушгины өвчлөл зэрэг голлох өвчлөлд нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг боловч сүүлийн үед эдгээрээс гадна чихрийн шижин гэх мэт архаг өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг талаарх судалгаанууд хийгдээд байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд нүүрс орлуулах үр дүнтэй арга олох хүртэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд дорвитой арга хэмжээ авах нь чухал асуудал байсаар байна" гэсэн юм.

Шинэ техник технологи, инновациуд агаарын бохирдлын шийдэл, гарц болох боломжтой
 
Гэрэл зургийг: MPA.mn

Хүүхдийн эрүүл мэндийн судлаач Дэвид Варбуртон "Миний бага нас одоогийн Улаанбаатар хотын дүр зурагтай тун ижил нөхцөлд өнгөрсөн гэж хэлж болно. Олон жилийн турш эрүүл мэнд болон бизнесийн салбарт ажилласны үр дүнд харахад агаарын бохирдол зөвхөн төр засаг болон иргэний нийгмийн шийдэх асуудал биш юм. Харин бүхий л салбар дахь боломж, нөөц бололцоог эрэлхийлж байдаг хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй чухал юм. Сүүлийн жилүүдэд техник технологи, инновацийн хөгжил ихэд явагдаж байгаа тул ийм төрлийн арга хэрэгслээр агаарын бохирдолд шийдэл олох нь гарцуудын нэг" хэмээлээ.