Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хошин урлагийн жүжигчин тэргүүлсэн хэвээр байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Украин улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ Ням гарагт болох гэж байна.

Гуравдугаар сарын 31-ний өдөр болох санал хураалтын үр дүнг хошин урлагийн жүжигчин Володимир Зеленский тэргүүлэхээр байгааг хамгийн сүүлд хийсэн судалгаа харуулжээ.

Судалгааг Украины Илко Кучерев Ардчиллын Санаачилга сан болон Киевийн Социологийн Олон Улсын хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Зеленский нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин цувралд санамсаргүй ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшиж байгаа.

Түүний араас санал асуулгад одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко, Батькившина намын дарга Юлия Тимошенко нар удаалжээ.

“Хэрвээ яг өнөөдөр сонгууль болбол Зеленский 28 хувь, Порошенко 18 хувь, Тимошенко 13 хувийн санал авахаар байна” гэж Киевийн Социологийн Олон Улсын хүрээлэнгийн захирал Владимир Паниотто мэдэгдсэн байна.

Украины сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа өчигдөр буюу Пүрэв гарагийн оройноос зогссон юм.

31-нд болох санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авахгүй бол тэргүүлсэн хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны санал хураалтад оролцоно.

 

Эх сурвалж: ТАСС