Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын шинэ эриний нэрийг Даваа гарагийн 11:30 цагт зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Эзэн хаан Акихито, ханхүү Нарухито нар

Японы хаан ширээнд шинэ хүн залрах бүрт шинэ эрин эхэлснийг зарладаг. Эриний нэрийг тодруулах үйл явцыг маш нарийн зохион байгуулдаг уламжлалтай.

Одоогийн эзэн хаан Акихитогийн эриний нэр Хэйсэй буюу “энх амгаланг тогтоосон” гэсэн утгатай. Түүний эцэг Хирохито хааны эринийг Шова гэж нэрлэж байв.

Тэгвэл 85 настай Акихито хаан дөрөвдүгээр сарын 30-нд эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээсээ бууж, тавдугаар сарын 1-нд түүний хүү Нарухитогийн эрин эхлэх юм. Хэйсэйн эрин 1989 онд эхэлсэн бол 30 жилийн дараа ийнхүү өндөрлөж байна.

Шинэ эриний нэрийг Даваа гарагийн 11:30 цагт (Токиогийн цагаар) Японы засгийн газрын төлөөлөгч олон нийтэд зарлахаар болсныг өнөөдөр мэдээлжээ. Энэ үеэр эриний нэрийг зарлахаас гадна нэрийг хэрхэн сонгосон үйл явцыг тайлбарлана.

Дараа нь 12:00 цагаас ерөнхий сайд Шинзо Абэ шинэ эрин эхэлж байгаатай холбогдуулан ард иргэдэд хандан мэдэгдэл хийх гэнэ.

Японы засгийн газар Японы болон Хятадын утга зохиол, Японы түүх, Зүүн Азийн түүхээр мэргэшсэн хүмүүсээс эриний нэрний санал гаргахыг хүсэж, тэднээс ирсэн саналуудыг цуглуулж, нэгтгэсэн байна.

Даваа гарагийн өглөө Японы бизнес, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөлд нэрнүүдийг танилцуулж, санал авна. Бас парламентын хоёр танхимын дарга нараас саналыг нь сонсох ажээ. Зөвлөлд ямар хүмүүс сонгогдсоныг Даваа гарагийн өглөө л мэдэх боломжтой.

Үүний дараа засгийн газар эриний нэрийг сонгож, албан ёсоор зарлах юм.

Эриний нэр нь тухайн цаг үеийг ямар төлөв байдалтай байхыг зөгнөж, бэлгэддэг тул сонгохдоо салбар салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгадаг ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News