Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн ерөнхийлөгч 3 хэмжээст дүрсээр өөрийгөө хувилан сонгуульд өрсөлдөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо удахгүй болох сонгуулиар дахин сонгогдохын тулд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм.

Гэвч улс орон нь том, цаг хугацаа бага, төрсөн бие ганц байгаагаас тэр өөрийн гурван хэмжээст голограм дүрсийг тараан сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл Индонезийн өнцөг булан бүрт хүрч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй тул зарим бүс нутгуудад өөрийн дижитал хувилбарыг явуулж, хүмүүстэй уулзуулж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 17-нд тус улсын 190 сая сонгогч хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгох ажээ. Дэлхийн хамгийн олон муслим хүн амтай Индонез нь дэлхийд гуравт орох том сонгуулийг зохион байгуулдаг.

Энэ долоо хоногоос зарим бүс нутгуудад Видодогийн биеийн бодит хэмжээтэй гурван хэмжээст дүрс тайзан дээр зогсоод сонгогчдод яриа танилцуулга хийж эхэлсэн байна.

57 настай улс төрч Индонезид анх удаа голограм ашиглан сонгуулийн ажиллагаагаа явуулж байгаа бол дэлхийд Туркийн Эрдоган, Энэтхэгийн Нарендра Моди, Францын зүүний үзэлтэй нэр дэвшигч нар анх удаа голограмыг сонгуульд ашиглаад байгаа.

Цагаан цамц, жинсэн өмд, спорт гуталтай Видодогийн дүрс сонгогчдод өөрийнхөө засаглалын үед гарсан ололт амжилтуудыг ярихаас гадна сүүлийн үед нэр төрийг нь унагахаар тарааж буй цуурхлуудад няцаалт өгч байгаа гэнэ.

Жишээ нь түүнийг хятад угшилтай, Исламын шашинд сүжиггүй гэх зэрэг цуурхлууд тараад байгаа юм.

Индонезид сошиал сүлжээгээр худал хуурамч мэдээлэл тарах нь сонгуулийн үеэр нэмэгддэг. Тухайлбал өнгөрсөн сард Видодог дахин сонгогдвол шашны мөргөл хийхийг хориглож, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх гэж байгаа гэсэн мэдээллийг онлайн сүлжээнд тараасан эмэгтэйчүүдийг баривчилж байв.

Видодогийн гол өрсөлдөгч нь Исламын шашны зүтгэлтэн Маруф Амин болоод байгаа тул өрсөлдөгч нь түүний шашны итгэл үнэмшил рүү суртал нэвтрүүлгээ чиглүүлээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP