Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн буцалтгүй тусламжаар баригдаж буй гурван дүүргийн өрхийн эмнэлгийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна

ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмед Язалыг хүлээн авч уузллаа. Уулзалтад мөн Турк Улсын ТИКА байгууллагын зохицуулагч Эмрах Устаөмэр байлцлаа.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ярилцлаа.

Улаанбаатар хот, Бүгд найрамдах Турк улсын Анкара, Истанбул, Газиентип хотуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна. Бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажил, цаашид хэрэгжүүлэх төслийн ажилд цаашид хамтран ажиллана. Мөн ТИКА-ийн төслөөр манай улсад өрхийн эмнэлэг, гудамж талбайн тохижилт зэрэг олон ажил хийгдсэн юм.

Истанбул хоттой 2016 онд “Хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус хотын буцалтгүй тусламжаар нийслэлд 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төв барих төслийг ТИКА гүйцэтгэж байна. Эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Налайх дүүргийн 7-р хороо зэрэг гурван дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Турк Улсын Элчин сайдын яамнаас жил бүр “Олон улсын хүүхдийн баяр, урлагийн тоглолт” зохион байгуулдаг. Тус үйл ажиллагааг зохион байгуулах ажилд нийслэлийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахыг Элчин сайд Ахмед Язал уламжиллаа.

Нийслэл хотын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс