Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Чад улсын иргэд Фэйсбүүкгүй 365 хонож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Чадын ерөнхийлөгч Идрисс Дэби

Умард Африкийн Чад улсын иргэд Фэйсбүүк, Твиттер, WhatsApp зэрэг сошиал сүлжээнд холбогдож чадалгүй 365 хоноод байна.

Анх 2018 оны гуравдугаар сарын 28-нд тус улсын иргэд сошиал сүлжээнүүдэд хандаж болохгүй байгааг мэдээлж байжээ. Чадын үүрэн холбооны компаниуд засгийн газраасаа сошиал сүлжээнүүдийг хаах даалгавар авснаа тухайн үед мэдээлж байв.

Ингэснээр Чад улс Африк тивийн сошиал сүлжээнээс таслагдсан хугацаанд шинэ дээд амжилт тогтоож байна. Өнгөрсөн онд Камерунд 230 хоног тасалсан нь өмнөх дээд үзүүлэлт байв.

Африк тивийн удирдагчдын хувьд ийм аргаар ард иргэдийнхээ дуу хоолойг хаах үзэгдэл түгээмэл байдаг. Ялангуяа сонгууль, засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөний үеэр ийм арга хэрэглэдэг байна.

Өнгөрсөн онд Чад улсад үндсэн хуулийн өөрчлөлт хийж, 1990 оноос хойш тус улсыг удирдаж байгаа 66 настай Идрисс Дэбид 2033 онд хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах эрх олгосон юм.

Энэхүү өөрчлөлтийг эсэргүүцсэн иргэдийн дуу хоолойг дарахын тулд сошиал сүлжээг орон даяар хориглох болсон байна.

Дэбигийн дэглэм сүүлийн жилүүдэд ард түмний эсэргүүцэл тэмцэлтэй байнга тулгарах болсон. Газрын тосны үнэ унаснаас Чадын эдийн засаг хүнд байдалтай байгаа. Мөн тус улс дахь угсаатан хоорондын зөрчил нэмэгдээд байгаа зэрэг нь үүнд нөлөөлж байна.

Одоо Чадын иргэдийн багахан хэсэг VPN (Virtual Private Network) сүлжээ ашиглан сошиал сүлжээнд холбогдож байгаа. 15 сая хүн амтай энэ улсын дөнгөж 10,000 орчим иргэн ийм аргаар сошиал ертөнцтэй холбогдож байгаа ажээ.

Африкийн Холбоо, НҮБ-ын хүний эрхийн байгууллагад Чадын иргэдээс гомдол ирсээр байгаа ч асуудал ойрын үед шийдэгдэх магадлал бага байна.

Иргэдийнхээ интернэт хэрэглээг хязгаарлах Африк удирдагчдын нэг арга нь үнэ тарифаар дарамтлах юм.

Африк тивийн орнуудын 1GB дата хэрэглэх үнэ тариф дэлхийд хамгийн өднөрт тооцогддог. Жишээ нь Чад улсад 1GB датаг $13.6 орчмоор худалдаж авдаг нь тивдээ дөрөвт орох өндөр тариф юм.

Эх сурвалж: Quartz