Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталжээ.

Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулна.

Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж, иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд хийгдэх юм.

Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай, эвдрэл гэмтэл ихтэй байгаа. Батлагдсан журмын хүрээнд уг асуудлыг энэ онд багтаан бүрэн шийдвэрлэхээр боллоо.

Автобусаар зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс  1.8 тэрбум төгрөг төвлөрчээ

Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан: Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга мэдээллийг сонслоо.

Монгол улсад сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй тэлж байгаатай уялдан иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл хомсдож тулгамдсан олон асуудал бий болж буй. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах агуулга бүхий 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан хяналт шалгалтыг тогтоолд тусгасан хугацаанаас эхлэн хийхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ, НЗДТГ