Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэн бууч цахилгааны тасалдал үүсгэснийг Мадуро зарлаад иргэдээсээ залбирахыг хүсэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Венесуэль улс сүүлийн сар орчим хугацаанд хоёр дахь удаагаа өргөн хэмжээний цахилгаан эрчим хүчний тасадалтай тулгараад байгаа билээ.

Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ гэмтлийг засварлаж, эрчим хүчний хангамжийг сэргээхийн төлөө нийтээрээ залбирахыг хүссэн байна.

Хөлсний хорлон сүйтгэгчид алсын зайнаас станц руу буудаж гэмтэл учруулснаас сүүлийн тасалдал үүссэн гэж тэр тайлбарлажээ.

Энэхүү халдлагын захиалагч нь АНУ-ын засаг захиргаа гэдгийг Мадуро батлан хэлсэн байна.

“Энэ бол дайн. Тэд манай орныг эзэлж чадахгүй болохоороо янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаануудыг явуулахаар шийджээ” хэмээн тэр хэлсэн юм.

Энэ сарын эхээр Венесуэль даяар зургаа хоног гэрэл цахилгаангүй болсон. Тэгвэл энэ долоо хоногт дахин тус улсын талаас илүү хэсэг нь цахилгаан хангамжгүй болоод байна.

Мэргэжилтнүүд дараалсан тасалдлын цаана элдэгдэж хуучирсан, засвар үйлчилгээний горим алдагдсан дэд бүтэц, станц байгаа гэж таамагладаг.

Нэг үгээр хэлбэл Венесуэлийн авлигад идэгдсэн засгийн газрын муу менежмэнттэй холбон тайлбарлаж байгаа.

Харин Мадуро осол гэмтлүүдийн цаана АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гар хөл болсон Хуан Гуайдо нарын хөлсөлсөн хорлон сүйтгэгчид байгаа гэж ярьдаг.

Өчигдөр Венесуэлийн шүүхээс сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог 15 жил төрийн албанд ажиллахыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Энэ нь Венесуэлийн хуулиар байж болох хамгийн урт хугацаа юм.

Мадуро өчигдөр үндэсний телевизийн сувагт утсаар ярилцлага өгсөн байна. Ихэнх хэсэг нь гэрэл цахилгаангүй байгаа Венесуэльд түүний мэдэгдлийг хэдэн хүн үзсэн нь тодорхойгүй байгаа юм.

Мадурогийн ярилцлага телевизээр цацагдсанаас 12 цагийн дараа бичлэг нь түүний твиттер хуудсанд нийтлэгдсэн нь Венесуэльд байдал ямар байгааг харуулж байна.

Эх сурвалж: The Guardian