Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Жээнбеков нар Киргиз дэх Оросын цэргийн баазыг өргөжүүлэхээр тохиролцлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Пүрэв гарагт Киргизистанд нэг өдрийн айлчлал хийжээ.

Энэ үеэр тэр тус улс дахь өөрийн цэргийн баазын эзэмшил газрыг 0.6 км.кв талбайгаар нэмэгдүүлэх тохиролцоог Киргизийн талтай хийсэн байна.

Үр дүнд нь Киргизийн умард бүсийн Кант хот дахь агаарын баазын газрын түрээсэнд жил бүр $4.5 саяыг төлдөг байснаа $4.79 сая болгон нэмэгдүүлжээ.

Кант дахь агаарын баазыг 2003 онд Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд байгуулж байв. Энэ байгууллагад бас Армени, Беларус, Казахстан, Тажикистан улсууд багтдаг юм.

Киргизистанд Оросын цэргийн хэд хэдэн байгууламж бий. Тухайлбал Иссык-Куль нуурын эрэгт тэнгисийн цэргийн бааз, өмнөд бүсийн Майлуу-Суу хотод газар хөдлөлт судлалын төв, Киргиз-Казахын хилийн Чалдыбар хотод харилцаа холбооны төв байрладаг.

2012 онд эдгээр бүх байгууламжуудыг “Оросын нэгдсэн цэргийн бааз” гэсэн нэрэн дор нэгтгэжээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Киргизэд айлчлахдаа хэрвээ Бишкекийн эрх баригчид сонирхвол хоёр дахь цэргийн баазаа нээх боломжтойг мэдэгдсэн юм.

Бишкек хотод Владимир Путин, Сооронбай Жээнбеков нар яриа хэлэлцээр эхлэхийн өмнө хоёр орны хамтын ажиллагааг “найдвартай холбоотнууд, стратегийн түншүүд”-ийн харилцаа гэж тодорхойлсон байна.

Айлчлалын үеэр нийт $12 тэрбумын дүнтэй хамтын ажиллагааны 65 гэрээ байгуулах гэж байгааг Киргизийн ерөнхий сайд Жениш Разаков мэдэгдэж байв.

Путин өчигдөр Бишкек хот дахь Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөснөөр айлчлалаа өндөрлөжээ.

Киргизийн ерөнхийлөгч Жээнбеков түүнд Орёл хатирч үүлдрийн морь, нутгийн Тайган үүлдрийн нохой хоёрыг бэлэглэсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: РИА Новости, ТАСС