Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Майк Помпео уйгаруудын төлөөлөлтэй уулзсаны дараа Хятадаас Шинжааны муслимуудыг чөлөөлөхийг шаардав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Шинжаанд хоригдож байсан уйгар иргэд болон одоо хоригдож байгаа хүмүүсийн төрөл төрөгсдийг хүлээн авч уулзжээ.

Энэ уулзалтын дараа тэрээр муслим иргэдийг үндэслэлгүйгээр шоронд хорьж, залхаан цээрлүүлж байгаа харгис үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадын эрх баригчдаас шаардсан байна.

Майк Помпео өнгөрсөн Мягмар гарагт Шинжаанд хоригдож байсан Михригуль Турсуныг хүлээн авч уулзсан юм. Тэрээр биеэр туулсан зовлонгоо АНУ-ын олон нийтэд ил тод ярьж байгаа хүн ажээ.

Турсуныг хүүхдээс нь салган давчуу тасалгаанд 60 эмэгтэйн хамт хорихдоо 24 цагийн турш цахилгаан гүйдэлд цохиулж, зодох зэргээр эрүүдэж байсан гэдэг.

Одоо Шинжаанд нийтдээ нэг сая орчим муслим иргэдийг хуулийн үндэслэлгүй бөөнөөр хорьж байгаа гэсэн тоо бий.

Тэдний ихэнх нь уйгарууд байгаа бол бас казах, киргиз, тажик угсаатнууд байгаа гэдэг.

Майк Помпео сэтгүүлчидтэй уулзахдаа доод тал нь хэдэн зуун мянгаар тоологдох муслим иргэд хоригдож байгаа нь “баталгаатай” гэж ярьжээ.

Хятадын эрх баригчид уйгаруудаас коран судрыг нь хурааж авах, Исламын шашинд хориотой архи уух, гахайн мах идэх зэрэг үйлдлийг албадан хийлгэж байгааг АНУ-ын төрийн департмэнт болон бусад хүний эрхийн байгууллагууд баталж байна.

Төрийн департмэнт өнгөрсөн онд гаргасан хүний эрхийн сүүлийн тайландаа Шинжаанд болж буй үйл явдлыг оруулсан байдаг. Үүнийг “Өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд байгаа хамгийн ноцтой хүний эрхийн зөрчлүүдийн нэг” гэж төрийн департмэнтын төлөөлөгч Майкл Козак хэлсэн байна.

Хятадын эрх баригчид Шинжаанд хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээллийг үгүйсгэж, үүнийгээ Исламын терроризмаас сэргийлэхийн тулд иргэдэд боловсрол олгох ажиллагаа гэж нэрлэдэг юм.

 

Эх сурвалж: AFP