Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөн байгуулагдсанаа зарлалаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

УИХ-ыг чадавхжуулах зорилготой Электорат хөдөлгөөн байгуулагдсанаа өнөөдөр зарлажээ.  

"ТӨР ДЭХ ХУЛГАЙЧДЫН ТООГ ЦӨӨЛЦГӨӨЕ" гэж нийтлэлч Баабар бичихдээ "Нэр дэвших 76 өрсөлдөгчийг олон түмнээр жилийн турш хэлэлцүүлэх ба үүнийг нь шалгаруулж сонгуулийн урьдчилсан жишиг хянах “электорат” хэмээх хөдөлгөөн байгуулах саналтай байна.

Электоратууд нь олон нийтэд танигдсан, нийгэм улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны ярьдгаар “нэр цэвэр” ийм хүмүүс байг. Тэдний хэн нь ч өөрснөө сонгуульд нэр дэвшихгүй" гэсэн байдаг.

Тэгвэл тус хөдөлгөөнийг нийтлэлч Баабар зэрэг нийгэмд танигдсан 10 гаруй хүн санаачлан бий болгож гишүүдийн тоогоо ийнхүү тэлсээр байгаа аж.  Тэд өнөөдрийн уулзалтаараа 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих "Электорат хөдөлгөөн" байгуулж, тунхагт гарын үсэг зурснаа албан ёсоор зарлалаа.

Тунхагт:

 

Гэрэл зургуудад:

"Электорат хөдөлгөөн"-с гаргасан хэвлэлийн мэдээнд:

Улс төрийн тогтолцоо хямран доройтож, үндэстний ёс суртахуун, нийтлэг үнэт зүйлс алдагдаж байгаа хүнд хэцүү үе тохиож байна.

Хууль тогтоох дээд байгууллагыг төрийн мафижсан бүтэц бүрэлдэхүүнээс чөлөөлөх алхмыг хийх чухал цаг үе ирээд байна. Намуудын нэр хүнд шалан дээр унасан энэ үед олон түмний сүүлчийн итгэл “ШУДАРГА БИЕ ДААГЧ” нар дээр тулгуурлаж байгааг сүүлийн үеийн социологийн судалгаа харуулж байна. 

Ийм учраас “БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ХОЛБОО” нэрийн доор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулах шийдэлд хүрлээ. Өнөөдөр энэхүү хөдөлгөөн байгуулагдсаныг олон нийтэд албан ёсоор зарлаж, хамтын тунхаг бичигт гарын үсэг зурж байна. 

Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг Электорат хөдөлгөөн хүлээх болно.
Электорат хөдөлгөөний гишүүд нь, олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар гайгүй ойлголттой, олны итгэлийг хүлээсэн хүмүүс төдийгүй өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй гэж үзэж байна.

Ингэснээр тодорхой тооны бие даан нэр дэвшигчдийн ард нь олон түмний итгэл найдварыг хүлээсэн, нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байх юм. 

Шударга бие даагчдыг олон түмэнтэйгээ хамтран гаргаж ирснээр Монголын улс төрийн хямралыг даван туулах нэгэн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.


Жич: Электорат хөдөлгөөний сайт болон нийгмийн сүлжээний хаяг, цахим шууданг толилуулж байна. 
Твиттер хаяг: @MnElectorate
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/electorate.mn
Цахим шуудан: electorate@gmail.com

Электорат хөдөлгөөнийг санаачлагчид