Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс сансрын уудамд “хог тариад” АНУ-д зэмлүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс өчигдөр анх удаа тойрог замын нам өндөрт яваа хиймэл дагуулыг пуужингаар устгаж чадсанаа зарласан билээ.

Ингэснээр тус улс АНУ, ОХУ, Хятадын дараа ASAT (Anti-Satellite weapons) буюу хиймэл дагуул устгах зэвсэгтэй дэлхийн дөрөв дэх гүрэн болсон юм. Тэгвэл энэхүү туршилтын үр дүнд дэлхийн тойрог замд сансрын хог хаягдлын тоо хэмжээ нэмэгдсэн болохыг АНУ-ын батлан хамгаалах яам анхааруулжээ.

Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан “Миний хэлэх үг: Бид бүгд сансарт амьдардаг. Тиймээс сансрын уудамд хог тарихаа больцгооё. Сансар бол бидний ажил үйлсэд зориулагдах ёстой орон зай. Сансарт хүн төрөлхтөн үйл ажиллагаа явуулах эрх чөлөөтэй байх ёстой” гэж Энэтхэгийн талд анхааруулсан байна.

Ийм туршилтаас үүссэн хэлтэрхийнүүд бусад иргэний болон цэргийн зориулалттай хиймэл дагуулуудыг мөргөж эвдлэх аюултай гэгддэг.

Энэтхэгийн тал дэлхийн гадаргаас 300 км өндөрт аялж байгаа өөрийн хиймэл дагуулыг устгаж туршихдаа ямар нэг хог хаягдал үүсгээгүй, үүссэн хэлтэрхийнүүд нь бүгд агаар мандалд унаж устахаар тооцсон гэж тайлбарлаж байна.

Гэвч АНУ-ын армийнхан энэ туршилтаас 250 ширхэг том хэлтэрхий тойрог замд үүссэнийг хянаж байгаа тухай Пентагоны эх сурвалж мэдээлжээ.

2007 онд Хятад улс өөрийн ашиглалтгүй болсон цаг уурын хиймэл дагуулыг мөн устгаж туршихад их хэмжээний хог хаягдал тойрог замд үүссэн юм. АНУ-ын сансар судлалын агентлаг NASA бас Энэтхэгийн туршилтын дараа тойрог замд хог хаягдал үүссэнийг баталжээ.

АНУ ийм зэвсгийг 1959 онд анх туршиж байсан юм.

Ирэх сард Энэтхэгт парламентын сонгуулийн санал хураалт явагдах гэж байгаа. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн намыг ялуулж, дахин ерөнхий сайдаар ажиллахын тулд нэр хүндээ өсгөх зорилгоор энэхүү туршилтыг зохион байгууллаа хэмээн сөрөг хүчнийхэн нь шүүмжилж байна. Тэрээр өчигдөр туршилтын үр дүнг телевизээр ард иргэддээ сүр жавхлантайгаар зарласан юм.

 

Эх сурвалж: BBC