Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн дүрвэгчид өөрсдийг нь аварсан Ливийн хөлөг онгоцыг барьцаалж, Европыг зорьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Африкаас Европыг зорих замдаа Газрын дундад тэнгист живж байсан 108 дүрвэгчийг Ливийн ачааны Elhiblu 1 хөлөг аварсан байна.

Гэвч өөрсдийг нь Ливи руу буцаан хүргэх гэж байгааг мэдсэн дүрвэгчид уг хөлгийг барьцаалж, Мальта улс руу чиглэн хөдөлснийг Итали, Мальтын эрх баригчид мэдээлжээ.

Ливийн нийслэл Триполигоос ердөө 10 гаруйхан километр зайд ирээд байсан хөлөг гэнэт чиглэлээ өөрчлөн умар зүгийг зорьсон байна. Африкаас Европын зорьдог дүрвэгчдийн гол гарц нь Ливи улс болдог. Гэхдээ энд дүрвэгчдийг хулгайлах, тарчилган зовоох, хүчиндэх, боол болгон худалдах үзэгдэл түгээмэл байдаг тухай НҮБ-ын хүний эрхийн байгууллага баталдаг юм.

Дүрвэгчдийг хүлээж авахын эсрэг хатуу бодлого баримталдаг Италийн засгийн газрын шадар сайд Маттео Салвини энэ тухай мэдээлэхдээ “Тэд бол зовсон дүрвэгчид биш, харин далайн дээрэмчид юм. Тэдэнд Итали орныг зөвхөн дурангаар харах боломж бий” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард барууны үзэлтэй улс төрийн хүчнүүд Италид эвслийн засгийн газар байгуулснаасаа хойш Африкийн дүрвэгчдийг хүлээж авахгүйн тулд боомтуудаа хааж, дүрвэгчдийг аврах ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох болсон юм.

Мальтын засгийн газрын төлөөлөгч хөлөг онгоц барьцаалагдсан тухай мэдээллийг батлаад тус улсын эрх баригчид үйл явцыг анхааралтай ажиглаж байгааг мэдээлжээ.

Үүнээс гадна тэд барьцаалагдсан хөлгийг Мальтын боомтод нэвтрүүлэлгүй буцаахаар цэргийн хөлгөө бэлдээд байгаагаа мэдэгдсэн байна.

Европын Холбоо 2015 онд Газрын дундад тэнгист осолдсон дүрвэгчдийг аврах зорилгоор Sophia нэртэй ажиллагааг эхлүүлж, хоёр хөлөг онгоц, таван нисэх онгоц болон нисдэг тэрэг дайчилсан юм.

Гэвч Италийн засгийн газар өөрийн эрэг орчимд уг ажиллагааг явуулахыг хориглохоор сүрдүүлж эхэлсэн тул өчигдөр Европын Холбоо аврах ажиллагааг зогсоох болсноо зарласан байна.

Гэхдээ тэнгис дэх ажиллагаагаа есдүгээр сарын 30-наар зогсоож, оронд нь агаарын аврах ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ливийн эргийн ойролцоо осолдсон 80 гаруй дүрвэгчийг аварсан ачааны хөлөг Ливийн Мисрата боомтод ирсэн ч дүрвэгчид эрэгт буухыг эсэргүүцэж долоо хоног орчим суулт хийсний дараа тэднийг зэвсгийн хүчээр буулгаж байжээ.

Умард Африк, Ойрх Дорнодоос тэнгис гатлан Европт ирдэг дүрвэгчдийн тоо 2015 онд оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд энэ үеэс хойш эрчимтэй буурч байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian