Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрвөн аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж үзүүлж буйдаа таатай байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл"-ийн хүрээнд дөрвөн аймгийн сургууль, дотор байр, эмнэлгийн барилгад засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо.

Тодруулбал,

  1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловролын 4-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл
  2. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн ажлын төсөл
  3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл
  4. Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төсөл

Дөрвөн төслийн нийт дүн 310 мянган ам.доллар буюу 796 сая төгрөг болж байгаа аж.

"Япон улсад санхүүгийн жил гэх ойлголт байдаг. 2018 оны Япон улсын санхүүгийн жил 2019 оны гуравдугаар сараар дуусгавар болж байгаа. 2018 оны санхүүгийн жилд Монгол Улсад 19 төсөл хэрэгжсэн. Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш нийт 542 төсөл хэрэгжсэн байна.

Би гарын үсэг зураг ёслолын ажиллагааг аль болох орон нутагт зохион байгуулж, өөрөө тухайн орон нутгийн аж амьдрал ямар байгааг харахыг зорьдог ч энэ удаад ажлын шаардлагаар Улаанбаатарт зохион байгуулах боллоо.

Монгол Улсад ажиллах хугацаандаа сургууль, цэцэрлэгт зочилсон, орон нутагт очиж нөхцөл байдалтай танилцсан тоогоороо би элчин сайдууд дундаа хэнд ч гүйцэгдэхээргүй болсон байх. Учир нь би “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зочилсон.

Дөрвөн аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламжийг эхлүүлэх гэж буйдаа таатай байна" хэмээн гарын үсэг зурах ёслолыг нээж хэлсэн үгэндээ Япон улсын Элчин сайд Масато Такаока онцоллоо.

2018 оны санхүүгийн жилд/2018.04.01-2019.03.31/ "Өвсний үндэс" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төсөлд нийт дүн 1.3 сая ам.доллар буюу 3.2 тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Япон улсын ард түмний сайхан сэтгэлээр хэрэгжиж буй "Өвсний үндэс" Монголд олон жил үр шимээ өгч байна. 2018 онд "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Тухайлбал, ХСҮТ-ийн дээврийн засварын ажлыг хийж, 10 түргэн тусламжийн машиныг хандивласан. Мөн 8.2 тэрбум төгрөгийн өртөгтэй хамгийн сүүлийн үеийн эхо аппаратыг 21 аймаг, есөн дүүрэгтээ Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар авч өгөөд байна. Энэ хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн Элчин сайдад чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээв.

Уг ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцсон юм.