Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс өнөөдөр анх удаа тойрог замд яваа хиймэл дагуулыг буудаж унагаснаа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагт Энэтхэг улс нам өндрийн тойрог замд аялж яваа хиймэл дагуулыг пуужингаар буудаж устгах туршилтыг амжилттай гүйцэтгэснээ зарлажээ.

Ингэснээрээ Энэтхэг улс АНУ, Орос, Хятадын дараа ийм чадвартай дөрөв дэх сансрын гүрэн болж байгааг тус улсын ерөнхий сайд Нарендра Моди телевизээр ард түмэндээ хандаж мэдэгдсэн байна.

2016 оноос хойш телевизээр олон нийтэд хандаж үг хэлээгүй байсан Моди “Энэ бол Энэтхэгийн хувьд бахархалтай үйл явдал болж байна. Манай улс сансрын супер их гүрнүүдийн жагсаалтад нэмэгдлээ. Өнөөдрийг хүртэл ердөө гурван улс ийм чадвар эзэмшээд байв” хэмээн ярьжээ.

Устгасан хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 300 км-ийн өндөрт аялж байсан гэнэ. Нарендра Моди энэ туршилтыг ямар нэг дайны уур амьсгал үүсгэх зорилгогүй, аль нэг улс орон руу чиглээгүй хэмээн тайлбарласан байна.

Ирэх сарын эхээр явагдах парламентын сонгуульд Модигийн нам ялбал тэр хоёр дахь удаагаа ерөнхий сайдын суудалд суух юм. 

Дэлхийн хамгийн том ардчилсан оронд явагддаг сонгуульд 900 орчим сая иргэн саналаа өгдөг нь дэлхийн хамгийн том сонгуульд тооцогддог.

Санал хураалт дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн бараг зургаан долоо хоног үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: AFP