Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Германы тэрбумтан гэр бүл нацистуудтай холбогдож, их хэмжээний мөнгө буяны үйлсэд зориулахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Рэйманны гэр бүл нь Германы хоёр дахь баян гэр бүлд тооцогддог бөгөөд хөрөнгийн хэмжээ нь $37 тэрбум орчим юм. Энэ гэр бүлийн JAB Holding компани олон салбарын бизнест хувь эзэмшдэг. Тэдгээрийн дотор “Krispy Kreme”, “Pret a Manger” зэрэг том брэндүүд бий.

Тэгвэл Рэйманныхан өөрсдийн өвөг дээдсийн нацистуудтай холбоотой түүхийг судалж ил болгосны дараа гэмээ наминчлах үүднээс эхний ээлжинд $11 сая орчмыг буяны үйлсэд хандивлахаар болжээ.

Германы Blind сэтгүүлд саяхан нийтлэгдсэн тайланд өгүүлснээр Рэйманны өвөг дээдэс дэлхийн хоёрдугаар дайны үед Адольф Хитлерийг идэвхтэй дэмжиж, нацистуудын олзолсон Оросын иргэд болон Францын цэргүүдээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг байжээ.

Үйлдвэртээ ажиллуулдаг олзны хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан ба тэднийг зодох, хүчиндэх тохиолдол түгээмэл байсныг баримтаар тогтоосон байна.

Мөн Рэйманныхан орос эмэгтэйчүүдийг гэртээ зарцаар ажиллуулдаг байжээ.

1937 онд Альберт Рэйманнаас SS-ийн удирдагч Хайнрих Химмлерт бичсэн захидалд өөрийнхөө гэр бүлийн бизнесийг 100 гаруй жил зөвхөн ари цусны хүмүүсийн эрхэлж ирсэн ажил гэж тайлбарлаад өөрсдийгөө ари үндэстэн бусад угсаатнаас илүү гэдэг үзэлд үнэнч болохыг илэрхийлж байжээ.

Хитлерийн засгийн эрх барьж байх үед зүүн Европоос олон сая слав гаралтай хүмүүсийг Германы үйлдвэрүүдэд боолчлон ажиллуулж байсан юм.

Рэйманны гэр бүлийн бизнес өнөөдрийг хүртэл үр ач нарт нь өвлөгдөж ирсэн байдаг. Өнөөдөр JAB Holding компанийг тэдгээрээс дөрөв нь удирддаг юм.

Өвөг дээдсийнхээ хар бараан түүхийн талаар яриаг батлахын тулд тэд 2010 оноос эхлэн түүхчдийг ажиллуулж, баримт цуглуулж эхэлсэн нь одоо тайлан дүгнэлтээ гаргаж байгаа ажээ.

Германы засгийн газар дайны үед хохирсон гадаадын иргэдэд нөхөн олговор төлөх зорилготой санг байгуулж, хөрөнгийн тал хувийг нь өөрийн улсын томоохон компаниудаас бүрдүүлдэг байна. Рэйманны гэр бүл хандивын мөнгөө уг санд шилжүүлэх магадлалтай байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian