Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Италиас Хятадад 800 орчим түүхийн олдворыг буцааж өгөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хятадын нутгаас хууль бус замаар ирсэн түүхийн олдворуудыг буцааж өгөх болсноо Италийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Чулуун зэвсгийн үеэс эхлээд Мин улсын үеийг хүртэл хамарсан нийт 796 ширхэг олдвор үүнд багтаж байгааг Италийн соёлын яам мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Милан хотын шүүх эдгээр эд зүйлсийг Хятадад буцааж өгөх шийдвэр гаргаж байсан ч засгийн газар Ши Жиньпиний айлчлалтай давхцуулан шийдвэрийг зарлаж байгаа юм байна.

Ши Жиньпиний айлчлалын үеэр хоёр улсын засгийн газар түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг хууль бусаар наймаалах явдалтай хамтран тэмцэх гэрээг байгуулсан юм.

Хятадын төрийн тэргүүний Ромд хийсэн айлчлалын үеэр Итали улс “Бүс ба Зам” дэд бүтцийн аварга төсөлд нэгдэхээр болсон нь Их Долоогийн гишүүн орнуудаас анхны тохиолдол байв. Ши Жиньпиний санаачилсан энэхүү төслийн хүрээнд Хятадыг Европ, Африк, Ази тивтэй хуурай газар, далайгаар холбож, эртний “Торгоны зам”-ын орчин үеийн хувилбарыг байгуулах зорилготой байгаа.

Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын төрийн тэргүүний Италид хийсэн анхны айлчлалын үеэр Ши Жиньпин тус улсын далайн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулах амлалт өгсөн юм.

Гэвч Италийн байгуулсан гэрээ Хятадын нөлөөнөөс болгоомжилж байгаа Өрнөдийн орнуудын удирдагчдын санааг зовоож байна.

Хятад улс нийтдээ 20 гаруй улс оронтой түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг хулгайлах, хил давуулах явдалтай хамтран тэмцэх гэрээ байгуулаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN