Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Ууганбаатар: 50 сая төгрөгийн ашиг олоогүй бол татвараас чөлөөл л дөө

Ж.Цогзолмаа
2019 оны 3 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Үндсэн хуулийн эрхзүйч Р.Ууганбаатартай ярилцлаа.  

-УИХ Татварын багц хуулийг хэлэлцэн баталлаа. Хуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ?

-1998 онд төрийн албан хаагчийн тоо 68 мянга байсан бол 2005 онд 128 мянга болж өссөн. Харин одоо 203 мянгад хүрчихлээ. Энэ олон албан хаагчаа тэжээхийн тулд ядуу зүдүү байгааг нь ч үл харгалзан ард түмнээ дээрэмдэж эхэллээ. Хүний ба иргэний эрхийн тунхгийн 13, 14 дүгээр зүйлд ардчилсан татварын дөрвөн том зарчмыг тунхагласныг бид сануулах ёстой. Үүнд, нэгдүгээрт, татварын хувь хэмжээг тогтоохдоо иргэн бүрийн бололцоог харгалзана гэж заасан. Ядуу хүмүүс, тэтгэврийн насныхан, орлого олдоггүй оюутнууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүмүүсээс татвар авч болохгүй гэдгийг тунхагласан.

-Шинэчилсэн хуульд энэ тунхаг хэр хангагдсан байдаг юм бол?

-Хуульд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой тохиолдолд татварынх нь 90 хувийг буцаан олгоно гэж заасан байна. 50 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлж болно гэсэн байгаа. Гэтэл Хүн амын орлогын албан татварын 22.4.1-д гудамжид тамхи зарж, гутал тосолж байгаа хүмүүсээс 2-120 мянган төгрөгийн татвар хураана гэсэн байна. Энэ чинь орлогогүй хэсэг.

Энэ хүмүүс чинь амьдрах бололцоогүй болчихоод л гудамжид тамхи зараад, гутал тослоод байгаа биз дээ. Уг нь Хүн амын орлогын албан татварын хуульдаа тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нэг удаагийн тэтгэлэг зэргээс нь татвар авахгүй гээд заасан. Гэлээ гээд НӨАТ-ын 10 хувийг энэ хүмүүс маань төлөөд л явж байна шүү дээ.

Бололцоогүй хэсгээс татвар авахгүй гэсэн зарчим ХАОАТ-т орж ирсэн хэр нь НӨАТ-аараа уг зарчмаа устгаад хаячихаж байна. Хүүхэд угжныхаа сүүг авахдаа ч татвар төлж байна.

-Тэгвэл НӨАТ-ыг яах ёстой юм бэ. Бид 10 хувиа өгсөн хэр нь сугалаа хэлбэрээр тэгш бус хуваарилалт явагдаад л байна шүү дээ?

-НӨАТ нь төр, ард түмэн хоёр хамтарч, татвараас зугтаад байгаа компаниудын борлуулалтыг барьж авч буй хэлбэр юм. Худалдаж авсан бүх бараа бүтээгдэхүүний үнэ дээрээ 10 хувийг илүү төлж өгөхийг төр нь иргэдээсээ хүсэж байгаа юм. Жилийн эцэст энэ илүү төлсөн татвараа төрөөс бүгдийг нь буцааж ав гэж байгаа.

Ингэснээр талхны үйлдвэр өдөрт 1,000, эсвэл 2,000 талх үйлдвэрлэсэн юм уу гэдгийг тогтоож байгаа хэрэг. Бүх хүн талх авахдаа дээр нь нэмээд 10 хувь төлчихсөн учраас хэдэн ширхэг талхыг Монголын ард түмэн худалдан авав гэдгийг эргэлзээгүй гаргаад ирнэ. Ингэснээрээ тухайн компанийг татвараас зугтах аргагүй болгодог хяналтын механизм.

1998 оноос НӨАТ-ын хууль гаргаад, бүх ард түмнээрээ төлүүлж байна. Гэхдээ төр НӨАТ-ын 80 хувийг авч үлдээд, 20 хувийг нь л буцааж өгч байна. Энэ чинь дээрэм биз дээ. Р.Ууганбаатар гэдэг хүн сүүлийн 15 жил НӨАТ-ын талаар ярьсаар ирлээ. Гэвч би олны танил биш болохоор миний үг ард түмэнд хүрдэггүй байх.  НӨАТ-ыг шууд устгах хэрэгтэй. Нэг бол ард түмнээс хурааж авсан 10 хувиа 10-ууланг нь буцааж өг.

Тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн мөнгөнөөсөө татвар төлж байна. Энэ татварыг үгүй болгочихвол манай компаниудын хөгжил асар хурдтай, хүчтэй болно шүү.

-Шинэчилсэн хуульд татварын байцаагч цагдаагаас давсан эрхтэй болохоор заалт багтсан нь нэлээд шүүмжлэл дагуулж байна.

-Татварын байцаагч цагдаагийн эрхтэй болно гэсэн үг. Танай гэрт үзлэг, нэгжлэг хийнэ, битүүмжилнэ, захир­гааны хуулиа бариад торгох юм байна. Дэлхийн жишигт татварын байцаагч иймэрхүү эрх мэдэлтэй байдаг л даа. Харин манайд томчууддаа үзлэг, нэгжлэг хийж, битүүмжилж чадахгүй, харин ядарсан хэсгээ л татварын байцаагч нар нь дээрэлхэж, гэр орон, эд хогшлыг нь битүүмжилж гарах байх даа. Ингэж авсан хөрөнгөө дуудлага худалдаанд оруулахдаа өөрсдөө үнээ тогтооно гэж байна. Үүнийг чинь дарангуйлал, боолчлол гэж нэрлээд бай­гаа юм. Бололцоог нь харгалзан тат­вар тогтоох нь ардчиллын хамгийн том зарчим. Энэ бол хүний эрхийн том зарчим.

-Хүний ба иргэний тунхаглалд татварын хувь хэмжээг тэгш тогтоох ёстой гэж тунхагласан байсан. Энэ зарчим хуульд багтаж чадаж уу?

-Энэ зарчим байхгүй байна. Тэгш татвар төлнө гэхээр гутал тосолдог хүү, том компанийн захирал хоёул яг адилхан татвар төлнө гэж ойлгоод байна. Үгүй. Тэгш татвар тогтоох зарчим гэдэг нь дээр үед феодал, ноёд, тайж нар татвар төлдөггүй байсныг төлүүлэхэд чиглэгдсэн зарчим. Өнөөдөр том компаниуд татвараа төлөхгүй явж байгаад эцэст нь Өршөөлийн хуульд хамрагдчихдаг.

Гэтэл энгийн иргэд бид тэр хуульд чинь хамрагдах боломжгүй шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд гурван тэрбум төгрөгөөс давсан орлогоос 25 хувийн татвар авна гэсэн байна. Энд ч бас тэгш татварын зарчим устаж байна. Ингэвэл үндэсний хөрөнгөтнүүдэд бүр л хэцүү болно.

-Иргэдийнхээ бололцоог нь харж татвар тогтоох тунхаглал байна. Тэгвэл үүнийг хэрэгжүүлсэн улсуудын жишээнээс та дурдахгүй юу?

-Франц улсад жилд 24,900 еврогоос доош орлоготой хүнээсээ огт татвар авдаггүй. Бололцоо гэдэг тоо нь 24,900 евро байх нь. Ардчилсан татварыг ийм тоогоор л илэрхийлж байгаа хэрэг. Монголд энэ еврог хөрвүүлбэл, 75 сая төгрөгтэй тэнцэнэ. Тиймээс 75 сая төгрөг олж чаддаггүй хүнээс огт татвар авахаа больчихвол ардчилсан татварын тогтолцоотой улс гэж нэрлэж болно. Ингэж тодорхой дүнгээр тооцож татвараас хөнгөлөөд байгаагийн учир нь тэр хүмүүст амьдрах мөнгийг нь үлдээж байгаа юм. Үгүй бол тэр хүн гэмт хэрэг хийгээд, залилаад явчихвал нийгэм гэмт хэргийн ертөнц болоод хувирна. Үүнээс сэргийлж байгаа юм.

-Монголд амьдралын бололцоог нь илэрхийлэх тоон дүн хэд байвал тохиромжтой юм бол.

-Шинэ хуульд жижиг аж ахуйн нэгж 50 сая төгрөгийн орлоготой бол татвараас бараг л чөлөөлөх гээд байна. Өөрөөр хэлбэл, нэг хувийн татвар төлж болно гэсэн заалт байна лээ. Тэгвэл иргэн хүн 50 сая төгрөгөөс илүү гарсан ашгаасаа татвар төлье л дөө. Компани 50 сая төгрөг хүртэлх орлоготой болтлоо татвар төлдөггүй юм бол иргэд ч 50 сая төгрөг олоогүй бол татвар төлөхгүй байх эрхтэй. Тэгш татварын зарчим гэж энэ. Гутал тосолдог хүүхэд 50 сая төгрөг олох уу. Мэдээж үгүй. Тиймээс бүх татвараас чөлөөлөгдөх эрхтэй. 50 сая төгрөгийн ашиг олоогүй бүх хүнийг татвараас чөлөөл л дөө.

Зураг