Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын засгийн газрын сайд асан томоохон луйврын хэргээр баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газрын сайд асан, ерөнхий сайд Дмитрий Медведевийн шадар хүн гэгддэг Михайл Абызовыг баривчилснаа тус улсын мөрдөн байцаах хороо өчигдөр мэдээлжээ.

Түүнийг Сибирийн эрчим хүчний түгээлтийн компаниас 4 тэрбум рубль буюу $62 саятай тэнцэх хөрөнгө завшсан хэргээр баривчилсан байна. Абызовын байгуулсан гэмт хэргийн бүлэглэл Новосибирскийн эрчим хүч түгээлтийн сүлжээ компаниас ийм хэмжээний мөнгө завшиж, хилийн чанад руу шилжүүлдэг байжээ.

Өнөөдөр Москва хотод түүний анхны шүүх хурал болохоор төлөвлөгдсөн байна.

Абызовын хэргийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд урьдчилж танилцуулсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдээлжээ.

Михайл Абызов нь 2012-2018 онд засгийн газрын гишүүнээр ажиллахдаа ерөнхий сайд Дмитрий Медведевийн ойрын хүнд тооцогддог байв.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр тэр сайд болохоосоо өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сард луйврын ажиллагааг зохион байгуулах компанийг байгуулж байжээ.

Абызов үүнээс жилийн дараа ОХУ-ын засгийн газарт нээлттэй засаглалын асуудал хариуцсан сайдаар томилогдож байв. Түүний үүрэг нь Оросын засгийн газрын үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байдлыг сахиулах байсан юм.

Абызов 1990-ээд оны дундаас эхлэн Оросын эрчим хүчний томоохон компаниудад хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байжээ. 2017 онд Оросын авлигатай тэмцэгч Алексей Навальный түүнийг Италид $11.7 саяын үнэтэй харш эзэмшдэг болохыг илрүүлснээ мэдээлж байв.

 

Эх сурвалж: Интерфакс, ТАСС