Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Таарах өмсгөл олдоогүйн улмаас дан эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллах боломжгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ Баасан гарагт буюу гуравдугаар сарын 29-ний өдөр NASA түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийг задгай сансарт ажиллуулахаар төлөвлөж байсан юм.

Одоо Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байгаа Кристина Кок, Энн Макклайн нар хамтдаа хөлгийн гадна гарч, батарей солих ажлыг гүйцэтгэх ёстой байв. Тэднийг газраас удирдаж, чиглүүлэх ажлыг ч бас дан эмэгтэйчүүд гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Өмнө нь задгай сансарт гарч ажиллахад дан эрчүүд, эсвэл холимог баг ажилладаг байсан тул энэ нь анхны тохиолдол болох байв. 

Гэвч уг төлөвлөгөөг цуцлах болсноо NASA өчигдөр зарлажээ. Шалтгаан нь хоёр бүсгүйд таарах сансрын өмсгөл хүрэлцэхгүй болсонтой холбоотой гэнэ.

Кок, Макклайн хоёр хоёул ижил хэмжээтэй өмсгөл өмсөх ёстой болсон байна. Гэтэл тэдэнд таарах хэмжээтэй өмсгөл хөлөгт нь ганцхан ширхэг байгаа ажээ.

Гуравдугаар сарын 22-ны өдөр Макклайн өөр эрэгтэй сансрын нисгэгчийн хамт хөлгийн гадна анх удаа ажиллах үеэр өмсгөлийн хэмжээг нь мэдсэн байна.

Тиймээс Баасан гарагт гүйцэтгэх ажиллагаанд Маккайны оронд эрэгтэй сансрын нисгэгч Ник Хаг оролцохоор болжээ.

Тойрог замд ажиллаж байгаа сансрын нисгэгчдэд өмсгөл тааруулах нь нэлээд түвэгтэй байдаг гэнэ. Учир нь жингүйдэлд байгаа хүний биеийн өндөр өөрчлөгддөг аж. Маккайн энэ сарын эхээр өөрийнх нь биеийн өндөр 5 см-аар нэмэгдсэн тухай твиттер хуудсандаа мэдээлж байв.

Өнөөдрийг хүртэл нийт 500 гаруй хүн сансарт ниссэний 11 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин 35 жилийн өмнө Зөвлөлтийн сансрын нисгэгч Светлана Савицкая задгай сансарт гарч ажилласан анхны эмэгтэй болж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian