Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын гурван цэрэг Сирид амь үрэгдсэнийг албаны эх сурвалж баталлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сирид үүрэг гүйцэтгэж байсан гурван цэрэг зэвсэгт этгээдүүдийн  халдлагад өртөж амиа алдсан болохыг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Сирийн зүүн хязгаарын Дэйр Аль Зор мужийн нутагт машинтай явж байсан Оросын армийн цэргүүд зэвсэгт бүлэглэлийн отолтод орсон байна.

Оросын арми энэ явдлын дараа отолтыг зохион байгуулсан зэвсэгт этгээдүүдийг мөрдөж, тэднээс 30 гаруйг нь устгасан гэж мэдэгджээ.

Ингэснээр Сирид амиа алдсан Орос цэргийн тоо албан ёсоор 115 болж байна.

Нэг дор хамгийн их хохирол амссан тохиолдол нь 2018 оны гуравдугаар сард Хмэймим агаарын баазад Оросын ачааны онгоц осолдоход дотор нь явсан 39 хүн бүгд амь үрэгдсэн явдал юм.

2015 оны есдүгээр сараас хойш ОХУ-ын арми Сирийн засгийн газарт туслах зорилгоор сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаарын ажиллагаануудыг явуулж байгаа. 

Сирид найман жил үргэлжилж буй иргэний дайны үр дүнд өнөөдөр тус улсын баруун хойд болон баруун өмнөд хэсэг сөрөг хүчний бүлэглэлүүдийн мэдэлд байгаа юм. Харин Сирийн зүүн хойд хэсэгт АНУ-ын дэмжлэгтэй Курдын зэвсэгт бүлэглэл хяналтаа тогтоосон хэвээр байна.

 

Эх сурвалж: Associated Press