Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай захирамждаа дөнгөж сая нэмэлт оруулж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. 

Ингэснээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэхээр болж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна. 

Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлжээ

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа. Түүний дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. 

Тус хуулийн үзэл баримтлал, танилцуулгад “Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдлийг арилгах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” хэмээн дурджээ. 

Өөрөөр хэлбэл, шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын шийдвэрээр чөлөөлдөг болох хуулийг энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд батлах гэж байна. 

Уг хуулийн санаачлан, өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн танилцуулгад: 

Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эргүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрдүүлжээ. Ялангуяа 2013-2017 оны хооронд дээрх байгууллагуудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байна.

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Улс төрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш "дээрээс ирсэн" зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй байдал, гэмт хэргийг хайцаалдаг жишээ илэрч байна.

Тухайлбал, Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байгаад шүүгч болж, улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны танхимийн тэргүүнээр ажиллаж байгаа шүүгч М.Батсуурийн аав Эрдэнэт үйлдвэрийн 49%-ын хувьцааны худалдан авалтад оролцсон асуудал, уг асуудалтай холбогдуулан түүний олон нийтэд илэрхийлж байгаа байр суурь, хууль шүүхийн байгууллагын алба хаагчид хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэрэг хулээлгэхдээ эрүүдэн шүүх хууль бус арга хэрэглэж байсан нь Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцийг ноцтойгоор зөрчсөн нотлох баримтууд шинээр илэрч эхэллээ. Энэ конвенцийн дагуу Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг бүх арга хэрэгслийг устгах, таслан зогсоох хуулийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэг хүлээсэн.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, "Эрдэнэт үйлдвэр’’-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан Стандарт банкнаас зээл авч олон зуун сая долларын өрөнд орсон хэрэг, Тавантолгой нүүрсний ордыг хуйвалдан бэлэглэхийг завдсан хэрэг, олон зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч утаа буураагүй утаагүй зуухны хэрэг, төрийн албыг мөнгөөр арилжсан “60 тэрбум"-ын хэрэг, "Шинжан Шинфан" компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж сонгуульд зарцуулсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний орд, түүнтэй холбоотой шүүгч асан Л.Бямбаа амиа хорлосон хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс хулгайгаар алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэг гэх мэт иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо байгаа.

Гэтэл дээр дурдсан хэргүүдийг илрүүлж буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалтан дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилсан болно" гэжээ.