Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Уучлаарай. Хийж чадаагүй, мэдэж амжаагүй бүхний минь төлөө намайг уучлаарай..."

Б.Ану
2019 оны 3 сарын 28
iKon.MN
 

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг Монголын хүүхдийн ордонд Даваа гарагт болж өнгөрлөө.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд зарлагдсан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан болон “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-аад бүтээл ирсэн ба шилдэг 50 бүтээлээр Монголын хүүхдийн ордон дээр зургийн үзэсгэлэн гаргасан байна. 

Эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчид:

  • I байр - У. Элбэгзаяа - Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургууль/
  • II байр - А. Наранцацралт - / 11-р сургууль/
  • III байр - Ө. Шинэчимэг - Эрдмийн өргөө цогцолбор

Тусгай байр

  • М.Тэргэл, Багануур дүүрэг, Нийслэлийн лаборатори боловсрол цогцолбор сургууль 

Ингээд тэргүүн байрын зохион бичлэгийг хүргэж байна. 

“Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо”

Чөлөө завгүй өндөр хэмнэлтэй ажиллах Улаанбаатар хотын захын дүүрэгт. Уул уулыг дамнан орших гэр байшингуудын дунд миний найз бид хоёр өмссөн хувцасаа ч үл хайрлан элс шороонд тоглон өнжинө. Нүднээс нь гал цог бадран, маргаашийн юуг ч бодолгүй инээлдэн тоглох бид дэндүү жаргалтай. Том жижиг дугуйтай усны тэргээрээ худаг явахдаа нэгнийгээ ээлжлэн суулгаад түрнэ.

Чулуугаар байлдаж тоглоод оногдсон ч гэсэн нулимсаа арчаад нүдээрээ инээнэ. Аянгатай бороо орж байхад хоёулаа чангаар дуулаад норон гүйнэ. Тоормозгүй дугуй унаад улаа цоортол явдаг байсан. Өдөржин хөөрч баяссаар орой унтахдаа л хэчнээн ядарсанаа мэддэг байлаа. Энэ мэт найз минь бидний өнгөрүүлсэн сайхан дурсамжууд энэ оройны оддоос ч олон биз.

Гэхдээ чи нэг л өдөр огт өөр хүн болсон. Гэрээсээ ч гарахгүй, надтай ч уулзахгүй, огт холбоогүй. Би гайхаж аав ээжээс чинь асууна. Тэд өвдсөн л гэнэ. Харин би чамайг надад дургүй болсон гэж өөртөө итгүүлж дөнгөсөн. Гэхдээ би нэгэнтэй үнэнтэй нүүр тулахад чи үнэхээр өвдсөн байсан. Турж эцэж сульдсаар сүүлдээ чи надтай ярих ч тэнхэлгүй, зүгээр л чиний харц миний цээж рүү хатгана. Харамсалтай нь энэ их тэмцлийн дараа чи намайг орхиод явсан. Сүрьеэ гэдэг хэцүү өвчнөөс болж би хамгийн хайртай хамгийн сайн найзаа алдсан юм.

Монгол улс Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр эхний таван байрт ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлдэг. Жил бүр 4,000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа. /70 гаруй хувь нь 16-44 насны хүмүүс/.

3 сая гаруй хүн амтай улсын хувьд сүрьеэтэй 22 мянга буюу түүнээс олон хүн амьдарч байна.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг. Энэ мэт маш олон судалгаа баримтыг харахад яах аргагүй энэ өвчнийг олон нийтэд таниулж үр дагаварыг нь сануулах цаг ирсэн.

Би хайртай хүмүүсээ дахин энэ өвчнөөс болж алдмааргүй байна! Би монголынхоо ард түмнийг элэг бүтэн байгаасай гэж хүсэж байна. Миний хүсэл ердөө л энэ. Бидний бодох бодол, хандах хандлага өөрчлөгдөх цаг нь болсон. Би л сүрьеэгүй бол болоо гэх бус бусдад би юугаар тусалж, нийгэмд ямар дуурайл үзүүлэх вэ гэдгээ бодох ёстой.

Овоолсон модон дээр суугаад би найздаа мөрөөдлөө ярьдаг байлаа. “Би том болоод сэтгүүлч болно. Тэгээд дүү нартаа үргэлж зөвийг түгээнэ” гэж.

Хамтдаа бүтээсэн тэр элсэн цайз яг л чи бид хоёрын нөхөрлөл шиг бат бөх. Харин бороон дуслаар урсган одсон тэр өвчин амьдралын нэгэн сорилт мэт.

Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд миний таны оролцоо маш чухал. Өнөөдрийн өвчинг бид маргааш даван туулна. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Одоо цаг нь болсон.

Уучлаарай. Хийж чадаагүй, мэдэж амжаагүй бүхний минь төлөө намайг уучлаарай...

 

Эх сурвалж баримт мэдээллийг: ikon.mn “Монгол Улсад сүрьеэтэй 22,000 хүн амьдарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ” нийтлэлээс...

 

Зохион бичлэгийг:  Ууганбаярын Элбэгзаяа


Өдөрлөгийн бас нэгэн онцлох үйл явдал нь АШУҮИС-ийн бичил амь, дархлаа судлалын тэнхимийн Др. Г.Өлзий багшаар удирдуулсан АШУҮИС-ийн оюутан залуус сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар видео контентууд хийснээс гадна сурагчдад сүрьеэгийн талаар мэдээлэл олгох өртөөг зохион байгуулж, эрүүл амьдрах хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан флаш моб хийж үзүүлжээ.

Дэлхий нийт сүрьеэгээр өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх нь эдийн засгийн болоод эрүүл мэндийн хувьд ач холбогдолтойг ойлгоод хэрэгжүүлээд удаж байна.

Манай улс ч үүнээс хоцрохгүйг хичээж байна. Үүний нэг жишээ нь Харвардын их сургуулийн судалгааны нэгж Монголын эрүүл мэндийн үүсгэл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтран санаачилсан “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөр юм.

Анх 2012 онд Харвардын эрдэмтэн судлаачид болоод нийгмийн эрүүл мэндийн нөлөө бүхий манлайлагчид Дубай хотноо цугларч хүн төрлөхтөн сүрьеэ өвчинтэй одоогийн байдлаар үргэлжлүүлэн тэмцвэл 200 жилийн дараа л өнөөгийн Америкийн түвшинд хүрнэ, тиймээс энэ өвчнийг үндсээр нь устгах зорилготой “Zero TB  Cities Initiative” буюу Сүрьеэг ТЭГЛЭХ хотуудын санаачилгыг гаргасан.

Энэ санаачилгын гол зорилго нь ИЛРҮҮЛ, ЭМЧИЛ, СЭРГИЙЛ гэсэн нотолгоонд суурилсан цогц аргачлал бүхий, сүрьеэгээс шалтгаалсан нас баралтыг ТЭГЛЭХ, хүн амыг мэдээ мэдээллээр хангаж сүрьеэгийн ялгаварлан гадуурхалт болон энэ өвчнөөс айж ичих байдлыг үгүй болгох, сүрьеэгийн халдварын гинжин хэлхээг таслан зогсоох явдал юм.

Манай улсын нийслэлд нийт сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлын 50 гаруй хувь, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын 30 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өвчлөл эзэлж байна.

Мөн төвийн 6 дүүрэг Нийслэлийн өвчлөлийн  95%, улсын өвчлөлийн 57%-ийг бүрдүүлж байгаа тул эдгээр дүүргийн өвчлөлд онцгой анхаарал хандуулж арга хэмжээ авч чадвал Монгол улсын сүрьеэг хазаарлахад тодорхой амжилт олж болох юм.  

Харамсалтай нь XXI зуунд урьдчилан сэргийлж болдог, эдгэрдэг сүрьеэ өвчнөөр хүмүүс нас барсаар байна. Мэдлэгтэй мэдээлэлтэй иргэн энэ өвчнөөс өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалж чадна. Энэ ч үүднээс энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг дэлхий даяар  “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд гол утга нь дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, тэмцлийн үйл ажиллагаагаа түргэсгэн хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг уриалж байна. Идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22% -иар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35%, 2035 онд 95%-иар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Арга хэмжээний хүрээнд зарлагдсан гар зургийн уралдаанд тэргүүлсэн сурагчид:

  • I байр – О. Явуу, 4-р сургуулийн 10 б анги
  • II байр – Б. Дуламсүрэн, Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн 9 е анги
  • III байр –А. Анар, 79-р сургуулийн 7б анги

Тусгай байр

  • А. Жаргалан, Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн 9 е анги
  • Х. Халиун, 84-р сургуулийн 5 анги

Тэдний бүтээлүүдээс: