Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Конор Макгрегор зодог тайлж байгаагаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Холимог тулааны UFC холбооны хоёр жинд дэлхийн аварга болж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор зодог тайлж байгаагаа твиттер хуудсандаа өнөөдөр зарлажээ.

Одоо 30 настай Макгрегор “Холимог тулааны урлаг (MMA) гэсэн албан ёсны нэртэй спортоос албан ёсоор зодог тайлах шийдвэрийг би гаргалаа” гэж бичээд дэвжээнд үлдэж байгаа бусад тамирчдад амжилт хүссэн байна.

Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулалдаж, дөрөвдүгээр үед бууж өгсөн юм.

Гэхдээ Макгрегорын зодог тайлах мэдэгдэл үнэн эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь тэр 2016 онд мөн зодог тайлж байгаагаа зарласан ч түүнээс хойш гурван тулаан хийгээд байгаа.

Тухайлбал 2017 оны наймдугаар сард Макгрегор мэргэжлийн боксын аварга Флоид Мэйуизертэй боксын дэвжээнд тулалдаж ялагдаад $30 сая орчмыг өвөртөлсөн юм.

Тогтворгүй ааш араншин, танхай зангаараа алдартай Ирландын тамирчин маань 2018 онд өрсөлдөгчийнхөө сууж явсан автобус руу дайрч, довтолсныхоо төлөө уур уцаараа зохицуулж сурах хичээлд сууж, таван өдөр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээж байжээ.

Энэ сарын эхээр тэр бас зургийг нь авах гэсэн фэнийхээ гар утсыг булааж эвдсэн хэрэг тарьж байв.

 

Эх сурвалж: BBC