Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён төрийн ордны Хүндэт дэвтэрт юу бичиж үлдээсэн бэ?

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

 Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Төрийн ордны хүндэт дэвтэрт "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор Монгол Улс хөгжин дэвшиж, ард түмэн нь аз жаргалтай байхыг ерөөж байна. БНСУ нь найзын хувиар Монгол Улсын хөгжил дэвшил, амжилт бүтээлд хамт байх болно" гэж бичиж үлдээжээ.

 

Тэрбээр энэ оны гадаад дахь айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаа тухайгаа айлчлалын үеэр дурдаад Монгол Улсын Засгийн газрын шударга ёсны төлөөх тэмцлийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тууштай дэмжиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан байна.

Мөн айлчлалын албан ёсны мэдээнд багтаагүй олон сонирхолтой явдлыг солонгосын хэвлэлүүд бичихдээ хоёр орны Ерөнхий сайд нар уулзахдаа монгол ноолууран пальто, улаан зангиа ижилсэн өмссөн байгааг дурджээ. 

 БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнтой Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны нэгдүгээр сард Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр анх удаа танилцсан ч энэ удаагийн айлчлал онцгой халуун дотно уур амьсгалтай болж буйг солонгосын хэвлэлүүд мөн Монгол Улсын Гадаад Харилцааны Яам дурдсан байна.

 

Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлжээ. Ойг тохиолдуулан төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтоод буй.

Мөн иргэд зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг солонгосын тал санал болгосон тухай Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн мэдээнд дурджээ.