2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа

ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Ли Наг Ён тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Мөн 29 жилийн өмнөх гуравдугаар сарын 26-ны энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байсныг дурдаад, зочдодоо ойн баярын мэнд дэвшүүллээ.

Эрхэмсэг ноён Ли Наг Ён хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, олон зууны түүхэн харилцаатай, хэл, соёл, ёс заншлын хувьд адил төстэй зүйл олонтой хоёр улс, ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг. Хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүнийг нэг шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нь чухал юм гэв.

Тэрбээр Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа мэдээж чухал. Үүний зэрэгцээ ард түмний төлөөлөл болсон Парламент хоорондын харилцааг бататган хөгжүүлэх нь түүнээс дутуугүй эрхэм зорилт юм хэмээн онцоллоо.

 
 

УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн итгэмжилсэн харилцааг гүнзгийрүүлж, харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх зорилгоор бид хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байна. Энэ дашрамд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан-д миний мэндчилгээг уламжилж өгнө үү. Үндэсний Ассамблейн дарга энэ онд манай улсад айлчилна гэдэгт итгэж байна гэв.

Мөн Парламент дахь бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, цаашид идэвхжүүлэх нь чухал байна. Таны тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблей дахь БНСУ-Монголын бүлгийн гишүүд багтаж ирсэнд баяртай байна хэмээн Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр “Цаашид хамтын ажиллагааны боломж нөөцийг бүрэн ашиглах, Монгол Улсад БНСУ-аас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, ноу хауг Монголд нэвтрүүлэхийг бид эрмэлзэж байгаа. Энэ талаарх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах болно” гэв.

Түүнчлэн БНСУ-ын парламентын туршлагаас судалж, суралцахад анхаарч байгаагаа тэмдэглээд тухайлбал, “Иргэн та эрх баригч” гэсэн хөтөлбөр бидний сонирхлыг татаж байна. 200,000-аас дээш иргэний санал ирсэн тохиолдолд парламент, Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, тулгамдсан асуудал, ээдрээт хэргийн үнэн мөнийг тодруулдаг нь сайн туршлага гэж бодож байна. Мөн  БНСУ цөмийн реактор барих, эсэх асуудлыг иргэдээсээ асууж, Зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн байсан. Бид ч гэсэн Зөвлөлдөх санал асуулга явуулж, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг байхыг эрмэлзэж байгаа гэж онцоллоо.

Ноён Ли Наг Ён “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа. БНСУ-ын Хөх ордонд тухайлсан нэг асуудлаар 200,000-аас дээш иргэн цахимаар саналаа ирүүлсэн бол нягтлан шалгаж, хэлэлцэн шийдвэрлээд, хариу өгөх ёстой байдаг аж.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мөрийн хөтөлбөрт цөмийн реактор барихгүй хэмээн тусгасан байсан ч ард иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулахад барих нь зүйтэй гэсэн үр дүн гарсан тул иргэдийн саналаар шийдвэрлэхээр болсон байна.

Уулзалтын үеэр БНСУ-аас олгож буй 500.0 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар болон ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Мөн хоёр талын парламентын гишүүд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирснээ дурдаад, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ-ын тал үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Ли Наг Ён Солонгосын хойгт яриа хэлэлцээний зарчмаар энхтайван тогтоох Монголын талын санаачилгыг бүрэн дэмжиж байна гээд, БНСУ, БНАСАУ нэг зүгт харж, хамтдаа хөгжин дэвжих ёстой гэсэн байр суурийг бид баримталж байна гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн  Б.Ундармаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монголын парламентын бүлгийн дэд дарга Ким Сон Тэ, Ю Сон Ёб, Үндэсний Ассамблейн гишүүн Пак Бён Сог, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Хён нарын зэрэг албаны хүмүүс байлцав.

 

 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x