Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчлахдаа монгол ноолууран пальто өмсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, олон чухал асуудалд санал нэгдээд буйг бид мэдээлсэн.

Тэгвэл энэхүү айлчлалын үеэрх албан мэдээнд багтдаггүй олон сонирхолтой үйл явдал болж байгаа талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал, өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайдыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Ли Наг Ёнд Монгол Улсын Ерөнхий сайдын бэлэг болгон өгсөн монгол ноолууран пальтог солонгосын ерөнхий сайд өмссөн байна.

Энэхүү пальтог Ли Наг Ёны биеийн хэмжээнд тааруулан тусгайлан хийлгэжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү бэлгийг Солонгосын Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун хүлээн авч, айлчлалын үеэр өмссөн байгаа нь энэ ажээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр бэлгийн пальто нь "Говь" ХК-ийн бүтээгдэхүүн аж.

Мөн албан протоколд ороогүй ч Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён Монголын Засгийн газарт хандан Солонгосын хойгийн энхтайвны төлөөх үйлст Солонгосын ард түмэн гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн айлчлалын хүрээнд өнөөдөр орой хоёр улсын Ерөнхий сайд нар оройн зоог барих бөгөөд зоог барих цагийг нэг цагаар сунгаж илүү олон асуудлаар чөлөөт яриа хийх саналыг Солонгосын Ерөнхий сайдын зүгээс тавьжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойших гадаад дахь анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, хоёр улсын Ерөнхий сайд нар 2018 оны нэгдүгээр сард анх танилцаж байсан. Энэ тухай БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён онцгойлон дурдаж 2019 оны гадаад дахь анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаагаа дурджээ.