Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Голаны өндөрлөг Израйлийн газар нутаг болохыг Дональд Трамп албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эзэмшлийн хувьд маргаантай байдаг Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.

Энэхүү бүс нутгийг 1967 онд болсон зургаан өдрийн дайны төгсгөлд Израйлийн арми Сири улсаас булааж авсан юм.

Өчигдөр Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрөх тунхаг бичигт гарын үсэг зурахдаа Трамп АНУ олон жилийн өмнө уг шийдвэрийг гаргах ёстой байсан гэж мэдэгджээ.

Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху оролцсон байна.

Тэрээр Израйлийн олон жилийн өмнө байгуулсан дайны ялалтыг “дипломат ялалт” болгон хувиргаж чадсандаа баяртай байгааг мэдэгджээ.

Нетаньяху бас АНУ-Израйлийн хэлхээ холбоо “улам бүр хүчирхэгжиж байгаа”-г харуулсан явдал гэж өчигдрийн арга хэмжээг үнэлсэн байна.

 

Энэхүү шийдвэрийн дараа Сири улсын засгийн газар мэдэгдэл гаргаж, Трампын алхмыг “тусгаар улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд бүдүүлгээр халдсан хэрэг” гэж нэрлэжээ.

Сири улс 1973 онд дэгдсэн Ойрх Дорнодын дайны үеэр Голаны өндөрлөгийг буцаан авах гээд чадаагүй юм. 1981 онд Израйлийн засгийн газар энэ бүс нутагт хууль дүрэм тогтоож, өөрийн эзэмшил болгох ажлыг хийж эхэлсэн ч олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй.

ОХУ-ын гадаад хэргийн яам Трампын алхмыг “хууль бус”, Ойрх Дорнодын нөхцөл байдлыг хурцатгах сөрөг нөлөөтэй гэж шүүмжилжээ.

1,800 км.кв хэмжээтэй Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутагт тооцох гэж байгаагаа Дональд Трамп энэ сарын 21-ний өдөр твиттер хуудсандаа анх мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters