Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Боингийн өрсөлдөгч Airbus Хятадад онгоц нийлүүлэх $35 тэрбумын гэрээ байгууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний Европын орнуудаар хийх айлчлал Франц улсад үргэлжилж байна.

Өчигдөр буюу Даваа гарагт тус улсын Airbus SE компани Хятадын зах зээлд $35 тэрбумын дүнтэй нисэх онгоц нийлүүлэх гэрээг байгуулжээ. Хятад, Францын талууд өчигдөр Парис хотноо бизнесийн 15 том гэрээ байгуулсны нэг нь энэ юм.

Airbus компани дунд оврын A320 загварын онгоц 290 ширхэгийг, том оврын A350 загварын онгоц 10 ширхэгийг нийлүүлэх гэрээ байгуулсан тухай Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

A320 Neo шинэ загварын нэгжийн үнэ $110.6 сая байдаг бол A350-900 загварын нэгжийн үнэ $317.4 сая юм.

Дараалсан хоёр ослын дараа дэлхий даяар нислэгийг нь зогсоогоод байгаа Боингийн 737 Max загварын гол өрсөлдөгч нь A320 загвар ажээ.

Тиймээс Боингийн хямралтай зэрэгцэн Францын Airbus өөрийн зах зээлийг тэлж амжлаа. Боингийн бизнест бас АНУ-Хятадын худалдааны дайн сөргөөр нөлөөлж байгаа.

Хятад улс нисэх онгоц худалдаж авах гэрээг бөөнд нь хийгээд дараа нь авиа компаниуддаа хуваарилдаг. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өнгөрсөн Баасан гарагт Италид айлчилж, Ням гарагт Монакод саатсаны дараа Фанцад ирсэн юм.

Даваа гарагт Эммануэл Макрон түүнийг Парисын Ялалтын хаалганы өмнө угтан авч, дараа нь албан ёсны уулзалт хийсэн байна. Орой нь Элисейн ордонд төрийн хүндэтгэлийн зоог барьжээ.

Ши Жиньпин Мягмар гарагт Парис хотноо Германы канцлерь Ангела Меркель, Европын Комиссийн ерөнхийлөгч Жан Клод Юнкер нартай уулзана.

Вашингтон-Бээжингийн худалдааны маргаан, зөрчлийг ашиглан Европын Холбоо Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press