Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани онлайн үйлчилгээний салбарт хүрээгээ тэлж байгааг зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Apple компани ямар нэг тоног төхөөрөмж биш, зөвхөн онлайн үйлчилгээнүүдийг шинээр танилцуулсан нь тус компанийн хувьд стратегийн том шилжилт боллоо.

Ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт саарч, ханалтын түвшинд хүрсэн нь Apple-ийг дижитал контент, онлайн үйлчилгээний зах зээлд бизнесээ өргөжүүлэхэд хүргэсэн бололтой.

Купертино дахь Apple компанийн төв байрны Стив Жобсын нэрэмжит театрт болсон танилцуулах арга хэмжээнд найруулагч Стивен Спилбэрг, телевизийн од Опра Уинфри, Холливүүдийн одод болох Женифэр Анистон, Риз Уйзерспун, Стив Каррел нар оролцож, Apple компанитай хамтран ажиллаж байгаагаа зарлажээ.

Apple-ийн танилцуулсан эхний үйлчилгээ нь Нэтфликсийн шууд өрсөлдөгч болох Apple TV+ видео стриминг байлаа. Уг үйлчилгээ нь зар сурталчилгаагүй, сарын хураамжтай үйлчилгээ бөгөөд энэ онд багтаж дэлхийн 100 оронд нээгдэх юм байна.

 

Apple компани зөвхөн өөрийн үйлчилгээнээс үзэж болох “original” контентуудыг бүтээхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд шинэ үйлчилгээ нь зөвхөн Apple TV төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, аппликэйшнд суурилан бусад хүлээн авагч төхөөрөмжүүдэд ч нэвтрэх юм.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк “Бид бүтээлч сэтгэлгээний хүч чадалд гүнзгий итгэдэг” гэж хэлсэн нь тус компани энэ бизнестээ асар их хөрөнгө оруулж байгааг харуулж байна.

Товч дүгнэж хэлэхэд энэ онд багтаж дэлхийн олон орны хэрэглэгчид Apple-ийн студид бүтээсэн кино, шоунуудаар бөмбөгдүүлэх нь тодорхой болжээ.

Үүнээс гадна тус компани Apple News+ нэртэй, сарын $9.99-ийн хураамжтай онлайн мэдээний үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Уг үйлчилгээнд хамрагдсан хүмүүс Los Angeles Times, Wall Street Journal, Rolling Stones, Time, Wired, The New Yorker зэрэг 300 гаруй сонин, сэтгүүлийг дижитал хэлбэрээр унших юм.

 

Apple News+ үйлчилгээ Даваа гарагаас эхлэн АНУ, Канадад англи, франц хэлээр нээгдэж байгаа бол оны сүүлээр Британи, Австралийн зах зээлд өргөжих ажээ.

Мөн Apple компани сарын хураамжтай онлайн тоглоомын Apple Arcade үйлчилгээг энэ онд багтаан нээхээр болсон байна.

Үйлчилгээ нь эхлэх үедээ 100 орчим тоглоомтой, дэлхийн 150 оронд зэрэг нээгдэхээр болжээ. Үнийн мэдээллийг сүүлд зарлахаар болсон байна.

 

Дээрх бүх үйлчилгээндээ хэрэглэгчийн хувийн нууцлалыг дээд зэргээр хангаж, алхам бүрийг нь мөрдөх, тагнах ямар нэг маркетингийн судалгааны ажиллагаа огт явуулахгүй гэдгийг Apple амлажээ.

Мөн эдгээр бүх үйлчилгээнүүдэд дэлхийн олон орны хэрэглэгчдийг хамруулахын тулд Apple компани Goldman Sachs компанитай хамтран төлбөрийн шинэ карт гаргахаар болсон байна.

Шинэ карт нь Apple Pay үйлчилгээтэй бүрэн нийцэж ажилладаг байх гэнэ.

 

Эх сурвалж: AFP