Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-17: Туулах ёстой, давах учиртай зам

ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

“Сөүл” ресторан маань үүд хаалгаа нээн анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авсны 25 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэнэ. Манайд гал голомтоо бадраан хурим найраа хийсэн залуу хосууд дараа ирэхдээ аав ээж болчихсон байхыг, бяцхан хүүхэд нь хөлд орчихсон товор товор алхахын баярыг, хожим нь хүргэн, бэрээ дагуулсан бүр ч өнөр өтгөн гэр бүл болох ерөөлийг нь бид үйлчлүүлэгчидтэйгээ 25 жилийн турш хуваалцжээ. Урьсан айл зангаа, чанар чансаагаа хувиргахгүй бол ирсэн гийчид баяртай буцаж, ахин дахин айлчлан ирсээр, амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг тэмдэглэхдээ ч эргэн уулздаг сайхан холбоо тогтдог гэдгийг одоо би бардам хэлж чадна аа. Энэ бол миний бүрдүүлсэн сайхан хамт олны амжилт, тэдний минь ямар өндөр хариуцлага хүлээн тогтвортой ажиллаж ирсний л илэрхийлэл юм шүү дээ.

Барилгын салбар өнгөрсөн 20 жилийн хугацаанд уналт, босолтыг туулан хөгжихдөө боловсон хүчнүүд маань дэлхийн ямар ч бүтээн байгуулалтад оролцох чадвартай,  өрсөлдөхүйц түвшинд хүрлээ. Дэлхийн түвшний нөү хау, туршлагыг барилгачид бид олж авсан нь Монгол Улсын том амжилт гэж боддог. Монголчууд хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шийдлийг хэрэгжүүлж  чадаж буйгаараа бахархахгүй байхын аргагүй. Одоо бид хамтдаа үндэсний хэмжээнээс давсан бүтээн байгуулалтын төлөө зорилгоо нэгтгэн хичээх л хэрэгтэй.

Миний хувьд үүх түүх хүүрнээд байх өндөр настай хүн биш л дээ. Гэхдээ өнөө цагийн Монголын хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжилд миний туулж ирсэн амьдрал, өчүүхэн туршлага минь санаа сэдэл өгч магад, ухрах, шантрах шалтгаан олдоод өвдөглөж суухад нь өндийж босох хүч өгөхсөн хэмээн цаг хугацаагаар аялан өөрийн түүхийг тэрлэснээ үүгээр өндөрлөж байна.

Шилжилтийн үеийн эмх замбараагүй орчинд бизнес эрхлэгчдэд тохиолдож байсан дарамт, бэрхшээл, итгэмээргүй шударга бус, хачирхалтай, эмгэнэлтэй явдал бүрийг тоочсонгүй ээ. Яг үнэндээ би тэр үед бэрхшээл юм, зовлон юм гэж өөрөө ч хүлээж авч байсангүй. Зүгээр л туулах ёстой, давах ёстой сорилт гэж ойлгож, туулаад, даваад л гарсан. Харин миний хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрч, ойлгож чадаагүй, одоо ч бууж өгөөгүй зүйл бол залхуу хойрго, худал хуурмаг байдал.

 

Би 22 настайдаа анх бизнесийн салбарт ажил дээр гарснаасаа хойш үе үеийн залуу хүмүүстэй дарга, цэрэг болжээ. Би ямар зарчимтай эхэлсэн, түүгээрээ л дуусах байх. Хулгай хийдэг, худлаа ярьдаг, хариуцлагагүй, залхуу хүнтэй, тийм хүмүүсийн бий болгосон орчин нөхцөлд л би даанч зохицож, ойлгож, зөвшөөрч чаддаггүй ээ. Заримдаа энэ нь миний дутагдал ч юм уу гэж боддог л юм. Гэхдээ би ийм өөрөөсөө өөр байж чадахгүй, хүсэх ч үгүй.

Ерөөс үйлчилгээ, барилга гэсэн манай хамт олны ажиллаж байгаа эл хоёр салбарт хагас цэргийн зохион байгуулалт, тогтмол өндөр шаардлага тогтоохгүйгээр эрүүл аюулгүй байдлын тухай ч, хөгжил дэвшил, амжилт бүтээлийн тухай ч яриа байхгүй. Гараанаасаа л нуран унана гэсэн үг. За, өөрийнхөө муу занг эцэст нь тайлбарлачихлаа, зөвөөр ойлгох биз ээ. Үүгээр өнөөдрийг хүртэл тэрлэсэн “Миний түүх” өндөрлөж байна.     

Хүний амьдралын тодорхой үе шатанд шинэчлэл бий болж, би өөрөө шинэ эрч хүчээр тэжээн тэтгэгдэж байх ёстой юм шиг санагддаг. Яг одоо тийм цаг ирэв үү гэлтэй. Сэнгэнэсэн жавар шиг, эрчлэх салхи шиг ямар нэг сайхан агаад шинэ зүйл эхлэх цаг нь яг одоо л мэт. Сэтгэлээ зориулан тэмүүлмээр, зоригоо чангалан өнөөдрийн өөрийгөө сорьмоор, түрлэг нь болж урагшилмаар тийм л хуйларсан их эрч хүчтэй шинийг хүснэ. Би тэр шинийг урт хугацаагаар, нэр төртэй, тогтвортой авч явж чадахаа мэдэрдэг ээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.