Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Албан тушаалтнуудын холбогдсон 13 гэмт хэргийг прокурорт шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газар энэ оны гуравдугаар сард хийсэн ажлын тайлангаа өнөөдөр танилцуулсан билээ. Тус тайланд дурдсанаар энэ сард 13 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн болон шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдээс дурдвал: 

  • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх,
  • Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх,
  • Автотээврийн Үндэсний Төвийн дэд дарга Б нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх, 
  • Хууль Сахиулах Их Сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны мэргэжилтэн нь 2018-2019 оны хичээлд элсэгчээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх,
  • "МИАТ" ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э нь өөрийн эд хөрөнгийг  бусдын нэр дээр бүртгүүлэн нуун далдалж, өөрийнхөө хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх, 
  •  Нийслэлийн Баянзүрх цогцолбор сургуулийн захирал Ч нь хахууль өгөгчийн ашиг  сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлээ хийсний төлөө нэр бүхий багш нараас хахууль авсан гэх эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.   

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гарган, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.