Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хатан хааны гэр бүлээс анхны хүн Кубад айлчилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ханхүү Чарльз, гэргий Камиллагийн хамт Ням гарагт Кубын нийслэл Хаванад газардаж, Их Британийн хатан хааны гэр бүлээс коммунист дэглэмтэй арал улсад айлчилсан анхны хүн боллоо.

Хаванад газардмагцаа Британийн хаан ширээг залгамжлах нэгдүгээр хүн Хувьсгалын талбай дахь тусгаар тогтнолын баатар Хосе Мартийн хөшөөнд цэцэг өргөсөн байна.

Карибын тэнгисийн бүс нутагт хийж буй айлчлалынхаа хүрээнд ханхүү Чарльз Кубад гурван өдөр саатах бөгөөд энэ үеэрээ тус улсын ерөнхийлөгч Мигуэль Диаз Канелтай зоог барьж, колоничлолын үеийнхээр нь сэргээн засварласан Хавана хотын хуучин дүүрэгт зочилж, Британийн хуучин автомашины парадыг үзэж сонирхох юм.

Гурван жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өрнөдийн орнуудын төрийн тэргүүнүүдээс анх удаа Кубад айлчилж, харилцаагаа хэвийн болгох эхлэлийг тавьж байв. Гэвч түүний залгамжлагч Дональд Трамп энэхүү хичээл зүтгэлийг нь нурааж, Кубыг ганцаардуулах Вашингтоны уламжлалт бодлогыг сэргээсэн юм.

Британийн засгийн газар Карибын орнуудаар хийх ханхүүгийн айлчлалын хөтөлбөрт Кубыг нэмэх болсон нь учиртай. Европын Холбооноос гарахаар бэлдэж байгаа Британийн эрх баригчид зөвхөн Кариб дахь хуучин колонийн орнуудтай төдийгүй Кубатай худалдаа, соёлын харилцаагаа нэмэгдүүлж, улс төрийн нөлөөгөө өсгөхийг бодож байна.

Хоёр орны хоорондын худалдаа өнгөрсөн онд $100 сая хүрэхгүй хэмжээтэй байсан ч сүүлийн үед аялал жуулчлалын салбарын харилцаа нэмэгдэх болсон ажээ. Одоогоор жил бүр 200,000 орчим хүн Британиас эрх чөлөөний аралд жуулчилдаг болоод байна.

 

Эх сурвалж: Reuters