Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярмагнай: Сэтгэлгээний гоо сайхныг бодлого бодож мэдэрье

ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монголын Математикийн Олимпиадын Хорооны гүйцэтгэх захирал,доктор Г.Баярмагнайтай ярилцлаа.

- Улсын математикийн олимпиад энэ жил хаана зохион байгуулагдах вэ?

- 55 дахь удаагийн улсын математикийн олимпиад 2019 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Ардын багш Ү.Маам захиралтай улсын тэргүүний “Шинэ үе” сургуулийн хамт олон УМО-55-ыг хүлээн авахаар Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтран бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Нийслэлийн дүүргүүдийг төлөөлсөн багууд бие даан орох боломжтой болсон нь энэ удаагийн улсын олимпиадын гол онцлог байх бөгөөд нийслэлийн захын сургуулиудын авьяаслаг багш, сурагчдын математик хөгжилд томоохон үр нөлөө үзүүлэх алхам гэж ММОХ-ны зүгээс үзэж байна.

- Монголд математикийн олимпиадыг анх хэзээ зохион байгуулсан бэ?

- Манай оронд анхны математикийн олимпиад 1960 онд Улаанбаатар хотын сурагчдын дунд Ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн нарын санаачилгаар зохион байгуулагдсан байдаг.

1965 оноос эхэлж тухайн үеийн Ардын Боловсролын Яамны тогтоолоор математикийн олимпиадыг үе шаттайгаар улсын хэмжээнд жил бүр тогтмол явуулж байхаар шийдвэрлэсэн. Ахмад үеийн маань алсын хараатай энэ санаачилга, үйл ажиллагаа Боловсролын яам, математикийг талархан дэмжигчид, ММОХ-ны үе үеийн гишүүдийн идэвх зүтгэлээр хөгжиж, улам төгөлдөржин үргэлжилж байна.

Монголын үе үеийн математикчдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон энэ үйл ажиллагааны явцад С.Цагаан, А.Нямренчин, С.Шарав, Н.Өлзий, М.Банзрагч нарын улс даяар алдартай МУГБагш нар төрөн гарч олон арван багш, сурагчдыг бэлтгэхийн зэрэгцээ манай орны математик боловсролын түвшин, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

- Олимпиад зохион байгуулахад юуг голлон анхаардаг вэ?

- Математикийн олимпиад зохион байгуулахад сэдэв бэлтгэх, бодолт засах нь хамгийн гол ажил байдаг. Олимпиад хийж буй зорилго, хүлээж буй үр дүнд энэ хоёр ажлыг нь чанартай гүйцэтгэснээр хүрэх боломжтой. Сэдэв бэлтгэхэд дэвшүүлж буй бодлого шинэлэг бөгөөд сэтгэлгээ шаардсан,ахлах ангийн хувьд техник ур чадвар шалгасан, өөр олимпиадад ашиглагдаагүй байх гэсэн шаардлагыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй болдог.

Агуулга талаасаа Алгебр, Геометр, Комбинаторик, Тооны онол гэсэн дөрвөн төрлийг хамарсан хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван түвшний бодлого сонгох нь оновчтой байдаг. Мөн тухайн ангилалд оролцож буй сурагчдын мэдлэгийн түвшинг анхаарч хугацаандаа амжихуйц сэдэв бэлтгэхийг чухалчилдаг. Нэг бодлогыг хэчнээн ч аргаар бодох боломжтой байдаг тул засалт нь нэлээд ярвигтай. Бодлого засалтыг алдаа маргаангүй гүйцэтгэж,үндэслэлтэйгээр оноог хуваарилж нэгэн жигд хийхийн тулд ялгаатай бодолтуудыг харьцуулсны үндсэн дээр засах аргачлалыг урьдчилан бэлтгэх нь зохимжтой байдаг. Эдгээр хүчин зүйлсийг үл харгалзан олимпиад хийх нь утга учир, ач холбогдол багаас гадна оролцогч сурагчдын урмыг хугалах, авьяасыг танихгүй алдах зэрэг сөрөг үр дагавартай гэдгийг бид бүхэн ухамсарлах хэрэгтэй.

 

Хэрэв та хүүхдээ ямар нэгэн олимпиадад оролцуулах гэж буй бол олимпиадын зорилго, ач холбогдлыг бүрэн таньж мэдэхийн зэрэгцээ зохион байгуулагч тал хүүхдийн сэтгэхүйг шалгах сэдэв бэлтгэх, хүүхдийн бодолтыг үнэн зөв үнэлэх боломжтой эсэхийг нягтлах хэрэгтэй гэдгийг эцэг, эхчүүдэд хандаж зөвлөмөөр байна. Манай орны хувьд дээрх шаардлагыг хангасан байхаар олимпиад явуулахад нэгдүгээрт бэлтгэгдсэн хүний нөөц, хоёрдугаарт санхүүгийн асуудал тулгардаг. Энэ шалтгаанаар, ялангуяа ахлах ангийн түвшинд, олон тооны математикийн олимпиад Монголд зохион байгуулах боломжгүй.

- Олимпиадын гол зорилго юундаа оршдог вэ?

- Олимпиадын бодлого ерөнхий боловсролын сургуульд үздэгээс ялгаатай. Тодорхой томьёо цээжлэн хэрэглэхээс илүүтэй баталгаа хийж ямар нэгэн зүйл яагаад үнэн эсвэл худал байгааг үндэслэлтэйгээр тайлбарлахыг шаарддаг онцлогтой. Олимпиадад бэлдсэнээр математикийн чухал ойлголтуудтай танилцахын зэрэгцээ математик сэтгэлгээнд суралцаж ямар нэг юманд баригдахгүй чөлөөтэй бөгөөд бүтээлчээр сэтгэх, асуудлын шийдлийг хайх арга барилд суралцдаг.

Ийм учраас өөрийн хүсэл сонирхлоор ямар нэгэн дарамт шахалтгүйгээр суралцаж байж үр дүнд хүрэх боломжтой. Тэрхүү хүсэл сонирхлыг өдөөх, урамшуулах, математикт дурлуулах нь математикийн олимпиадын үндсэн зорилго юм. Олимпиадын сэдвээр дамжуулж оролцогчийн сэтгэн бодох чадвар, техник ур чадвар, оюун дүгнэлт, логик сэтгэлгээ, төсөөлөх чадварыг шалгаж математик авьяасыг эрт нээж сэтгэлгээний гоо сайхныг гаргаж ирэхийг зорьдог.

Математикийн олимпиад зохион байгуулахтай холбогдон гарч ирдэг хамгийн чухал ойлголт бол “итгэлцэл” юм. Энэ бол бүхний суурь, өнөөдөр бид итгэлцлийг сэргээхэд голлон анхаарч байгаа ба тодорхой үр дүнд хүрч байгаа гэж бодож байна.

- Олон улсын олимпиадын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

- Олон улсын олимпиад гэсэн тодотголтой янз бүрийн уралдаан болдог. International Mathematical Olympiad буюу боловсролоороо тэргүүлдэг дэлхийн 100 гаран орны хүрээнд тогтмол жил бүрийн 7-р сард болдог дэлхийн аваргын тэмцээн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадыг “Олон Улсын Математикийн Олимпиад” гэж нэрлэж заншсан.

Хүнд бодлогыг бодоход хувь хүнээс мэдлэг, мэдрэмж,бүтээлч сэтгэлгээг шаарддаг.

ОУМО-дад улсаа төлөөлөн ахлагч, дэд ахлагч, 6 хүртэлх тооны сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцдог. Оролцогч ЕБС-ийн сурагч байх ёстой бөгөөд Алгебр, Тооны онол, Геометр, Комбинаторик гэсэн төрөлд хамаарах нийт 6 бодлогыг 2 өдөр, өдөр бүр 4 цаг 30 минутын турш бодож өрсөлддөг.

Бодлого нь шинэлэг санаа, сэтгэлгээ, техник ур чадвар шаардсан байхаас гадна хөнгөн, дунд, хүнд гэсэн 3 ангилалтай. Ялангуяа хүнд бодлогыг бодоход хувь хүнээс мэдлэг, мэдрэмж,бүтээлч сэтгэлгээг шаарддаг. Энэ цогц чадварыг инноваци хийх хүнд байх ёстой чухал бүрэлдэхүүн ч гэж ярьдаг. Математик сэтгэлгээтэй сурагчид байгалийн ухаан, програм хангамж, эдийн засаг, банк санхүү, техник инженерчлэлийн чиглэлд хөрвөн ажиллаж инноваци бүтээж байгаа жишээ цөөнгүй бий.

Өнгөрсөн жил 59 дэх ОУМО-ыг эх орондоо зохион байгуулах үүрэг хүлээсэн Румын улсын Клуж  Напока хотын дарга оролцогчдод хандаж боловсрол, инноваци хоёрыг онцолж ярьсныг энд эш татахыг хүсэж байна. Тэрбээр хэлэхдээ, ирээдүйг харж буй бол боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт энэ дэлхий дээрх хамгийн шилдэг нь юм.Олон жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд энд хүрэлцэн ирсэн та бүхэн аль хэдийн ямар нэгэн инновацитай холбогдсон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Датаг (өгөгдөл) эзэмшиж инновацийг бүтээж байгаа нь тэргүүлдэг цаг үе бидний өмнө байна. Дата, инноваци бол бидний ирээдүй, та бүхэн энэхүү ирээдүйг бүтээнэ гэсэн утгатай үг хэлсэн юм.

 

- Монголын Математикийн Олимпиадын Хорооны үйл ажиллагааг төр болон хувийн хэвшлийн хүрээнд хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?

- Хувь хүнд үзүүлэх нөлөөлөл талаас ч, урт хугацаанд байгаль орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх өгөөж талаас ч боловсролын салбарт анхаарах нь хамгийн чухал гэдгийг нийтээрээ ярьж бичдэг хэдий ч манай орны хувьд бодит байдал өөр байна. Энэ цаг үед хувийн хэвшил,мэргэжлийн байгууллагууд хоорондоо ашгийн бус хэлбэрээр хамтран ажиллах хэрэгтэйг нөхцөл байдал биднээс шаардаж байна.

Ирээдүйд оюуны хүчээр ажиллах чадварлаг залуучуудыг эрт нээн бэлтгэж буй орон даяар сүлжээтэй 50 гаран жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ММОХороо хэмээх бүтцэд хөрөнгө оруулалт хийж дэмжин ажиллаж байгаа спонсорууддаа бид бүхэн маш их баярлаж байна.

Онцолбол, 2018 онд “Анд Глобал” компани 50 сая төгрөг, “Петровис” ХХК-ны ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 25 сая төгрөг, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин 25 сая төгрөг, нийт дүнгээрээ 100 сая төгрөгийг ММОХорооны хуримтлалын болон үйл ажиллагааг дэмжих санд хандивласан.

Бидний хамтын ажиллагаа сайны үлгэр жишээ болохын сацуу олон сайхан үйлийн эхлэлийг тавина гэдэгт бид  итгэл төгс байна. Бид олон улсын хандивын сангийн жишгийг даган хорооныхоо сангийн хандивын хэмжээг жил бүр тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд улмаар энэхүү санг бие даасан сан болгохыг эцсийн зорилгоо болгон ажиллана.

 

Эцэст нь хэлэхэд математикаар хичээллэж сэтгэх чадвар нь хөгжиж суурь сайтай болсон сурагчид маань Физик, Хими, Биологи, Мэдээлэл зүйгээр хичээллэж богино хугацаанд эдгээр төрлөөр болдог улсын болон олон улсын олимпиадад өндөр амжилт үзүүлж улмаар дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын оюутан болж байна.

Математик нь байгалийн шинжлэх ухаан, техник инженерчлэлийн салбарын суурь болдог онцлогтой тул ММОХ-нд оруулсан та бүхний дэмжлэг математик төдийгүй бусад олон салбарт үр шимээ өгнө гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Бидэнд хандсан хүн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд эрхэм та биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.

- Ярилцсанд баярлалаа.


Улсын олимпиадтай холбоотой мэдээллийг www.mmoc.mn болон www.mmo.mn веб сайтуудаас харна уу.

 

Бэлтгэсэн: Даваа