Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд жолоодлогогүй хаягдсан хөлөг Норвегийн боомтод эсэн мэнд хүргэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Аялал зугаалгын зориулалттай “Viking Sky” аварга хөлгийн хөдөлгүүр эвдэрснээс өнгөрсөн Бямба гарагт Норвегийн эргээс 100 орчим метрийн зайд зогссон юм. Энэ үеэр далайн хүчтэй шуурга дэгдэж 1,400 орчим зорчигчтой хөлөг давалгаанд чөлөөтэй шидэгдэж эхэлсэн байна.

Хэрвээ давалгаа хөлгийг эрэг рүү шидвэл маш том гамшиг нүүрлэх байв. Тиймээс Норвегийн эрх баригчид таван нисдэг тэргээр зорчигчдыг аврах ажиллагааг эхлүүлсэн юм.

Аврах ажиллагааны үр дүнд нийт 479 зорчигчийг хөлөг дээрээс эх газарт хүргэсэн байна. Зорчигчдыг нэг нэгээр татаж нисэг тэрэгт суулгахаас өөр аргагүй тул ажиллагаа удаан өрнөж байсан юм. Харин Ням гарагт далайн шуурга зогссон тул “Viking Sky” хөлгийг үлдсэн 900 орчим зорчигчдынх нь хамт эрэгт чирч хүргэснээр аврах ажиллагаа өндөрлөжээ.

 

2017 онд ашиглалтад орсон “Viking Sky” хөлөг нь 227 метр урт, 29 метр өргөнтэй. Хөлөг дээр голдуу АНУ, Британий өндөр настнууд аялж явжээ.

Хөлөг онгоц давалгаанд шидэгдэх үеэр тэдний 20 орчим нь хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хөлгийг эзэмшигч “Viking Ocean Cruises” компанийн ерөнхийлөгч, Норвегийн тэрбумтан Торстейн Хаген аврагдсан хүмүүстэй биечлэн уулзсан гэнэ.

Бямба гарагт секундэд 24 метр хүрч байсан салхины хүч Ням гарагт 12 м/секунд болж намжсан нь хөлгийг чирэх боломжтой болгожээ.

 

Эх сурвалж: Reuters