Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зоригийн амиа алдсан хэргийг шалгах ажлын хэсэгт байсан ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 25
iKon.MN

Авлигатай Тэмцэх Газраас 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлаа танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/319721555259606/

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Э.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар нар мэдээлэл хийж байна. 

Энэ оны гуравдугаар сард АТГ-ын хийсэн ажлын талаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү танилцууллаа. 

АТГ-ын үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа. 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

Ч.Жаргалбаатар: -Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудлыг шалгаж байсан. 

-Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудал шалгагдаж байгаа. Арилжааны банканд бага хүүтэйгээр зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан хэрэг болон хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг шалгаж байна. Хэргийг хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. 

-Н.Золжаргалтай холбоотой хэрэг дээр Улаанбаатар банканд зээл олгосон асуудал байгаа гэсэн. 

-Хууль бусаар зээл олгосон учраас эргэж хянаж үзээч гэдэг мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлсэн байгаа. 

-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Монголбанк, СЗХ болон Төрийн банкны ажилтнууд хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээллийг дагуу тэдгээр хүмүүсийн ХОМ-т шалгалт хийж байгаа

-УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн. Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү? 

-УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө. 

С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа. Нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайн хэргийг шалгасан ажлын хэсэгт багтаж байсан нэр бүхий хоёр хүнийг шалгаж байгаа. ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан. 

Эрдэнэт үйлдвэрийн асуудалд нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар ирүүлсэн хүсэлт байхгүй байна. Зарим нэр бүхий шүүгч өөрийгөө шалгуулья гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгаж байгаа асуудал бий

АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад хандаад байна

-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу? 

-Талийгаач Л.Бямбааг нэг биш өөр олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-С.Баярцогт дансны хуулгаа өмнө нь өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү? 

-Швейцараас ирсэн материал бол дан ганц дансны хуулга биш. Өнгөрсөн Баасан гарагт манай байгууллагад албан ёсоор ирсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн шалгагдаж байгаа хүн өөрөө шаардлагатай гэсэн нотлох баримтуудаа гаргаж өгч болдог. Гэхдээ бид үнэн зөв гэдгийг тогтоохоор цаад байгууллагаас албан ёсоор нотлох баримт хүсдэг.